
АНУ-ын цэргийн албаныхан
болон геологичид Афганистанд бараг нэг триллион ам.долларын баялаг бүхий
орд байгааг илрүүллээ гэж Пентагон даваа гаригт мэдэгдлээ. Афганистаны
нутгийн өнцөг булан бүрд төмөр, зэс, алтны маш их баялагтай ордууд байна
гэж АНУ-ын Батлан хамгаалах департамент үзэж байна. Гэхдээ шинээр
нээгдсэн энэ байгалийн баялгуудыг олборлож ашиглах нь амаргүй бөгөөд
олон жил шаардаж магадгүй гэж сануулж байна. “Үүнийг тэр дор нь ашиглах
боломжгүй” гэж АНУ-ын геологич Жак Медлин Пентагонд даваа гаригт болсон
сонсгол дээр ярьжээ.
Ордуудын байрлал алс бөглүү хязгаарт байгаа,
тээвэр, дэд бүтцийн асуудал сул байгаа болон босогчид байсаар байгаа нь
энэ ордуудыг ашиглах явдлыг хүндрүүлэх болно гэж Пентагон, Төрийн
департаментын ажилтнууд үзэж байна. АНУ-ын Геологийн судалгааны
багийнхан Афганистанд байгалийн их баялаг байж магадгүй хэмээн 2004
оноос хойш судалгаа хийж эхэлсэн бөгөөд үүндээ 1980-аад онд ЗХУ-ын
хийсэн судалгааг суурь болгон ашигласан ба зөвлөлтийн судалгаагаар
Афганистанд хэдэн зуун орд газар байна гэж илрүүлсэн байв. Афганистаны
баялаг нөөцийн талаар мэдсэн бусад улс орнууд энэ баялгийг ашиглахын
тулд зөрчил тэмцэл явуулж магадгүй бөгөөд авлига мөн асуудал болж
магадгүй гэж албаны хүмүүс ярьж байна. “Дэлхий даяар олон улс асар их
баялагтай хэдий ч үүнээсээ болж авлига, дотоодын дайн самууны голомт
болсон түүх олон бий. Бид Афганистан хөгжихөд уул уурхайн салбар нь
хөгжиж, орлого нь нэмэгдээсэй гэж хүсч байна ” гэж ярьж байна.
Шинээр
тодруулсан ордуудын эдийн засгийн нөлөө асар их гэж эдийн засагчид үзэж
байна. Байгалийн баялгийг олборлоод, боловсруулж эхлэх юм бол
Афганистан тамхи, хар тамхинд суурилсан эдийн засаг биш харин орчин
үеийн хөгжингүй эдийн засагтай болох боломжтой болно. Олсон эдийн
засгийн их баялгаараа Афганистан батлан хамгаалахаа хөгжүүлэх боломжтой
болох нь мэдээж. “Энэ улс АНУ болон бусад улсуудын гадаад зээл
тусламжнаас хамаарахаа болих болно” гэж Олон улсын эдийн засгийн
институтын судлаач Мохсин Хан ярьж байна.
Т.Бадрах