Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 15

Зургадугаар сарын 15-ны баяр

Армяны төрийн далбааны өдөр

Армян улсын төрийн баяраар энэ өдрийг сонгох шийдвэрийг 2006 онд гаргаснаас хойш тус улс Төрийн далбааныхаа өдрийг тэмдэглэж байна. Гурван тэнцүү улаан, цэнхэр, улбар шар зурааснаас бүтдэг энэ тугийн улаан өнгө нь эх орноо хамгаалахад армянчуудын асгаруулсан цусны өнгө ба цэнхэр нь тус улсын байгалийн бэлгэдэл. Улбар шар өнгө нь армянчуудын эрэмгий зориг, хөдөлмөрч чанарын бэлгэдэл гэнэ.

Азербайжаны үндэсний авралын өдөр

Азербайжаны засгийн эрхэнд 1993 оны зургадугаар сарын 15-нд Гейдар Алиев эргэн ирсэнтэй холбогдуулан энэ баярыг бий болгон 1997 оноос хойш тэмдэглэж ирэв. Уг өдрийг 1998 онд улсын баярын статустай болгосон байна.  Иргэний дайн нүүрлээд байсан Азербайжанд Алиевыг тус орны удирдлага Нахачиваниас урин авчирч засгийн эрхэнд гаргасан ба тэрээр богино хугацааны дотор Иргэний дайн гарах аюулыг зайлуулж чадсан гэдэг.

Үйл явдал

1215 ОН: Өнөөгөөс 795 жилийн өмнө боссон феодал, лам нар рыцариудын дэмжлэгтэйгээр Английн хаан Газар нутаггүй гэх Иоанна-г “Чөлөөт агуу харти” гэх баримт бичигт (Magna carta) гарын үсэг зуруулахаар шахаж чадсан байна. Уг баримт нь латинаар бичигдсэн ба 63 бүлэг, зүйлээс бүрэлдсэн байна. Тэр баримтаар Британийн удирдлагын системийн суурь тавигджээ. Зүйл ангиудаас нь 12 дугаарт, татвар төлөгчдийн зөвшөөрөлгүйгээр татвар тогтоохыг хаанд хориглосон байв. Мөн 39 дүгээр зүйлд нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр иргэдийг барьж, хөрөнгийг нь хураахыг хоригложээ. XIX зууны түүхчид ба төрийн зүтгэлтнүүд Хартийг английн эрх чөлөөний агуу баталгаа гэж үзэж байсан ба ийм ойлголтоор Америкийн улс төр ба хууль эрхийн санаанд иргэний дайны үеэр нөлөөлсөн байна. Мөн АНУ-ын Үндсэн хуулийг бүтээхэд Английн Харти чухал үүрэгтэй байжээ.

1565 ОН:  Ядуурч хоосорсон хорооны тугчийн 17 настай хүү Филиппо Бруно  ядууст үнэ төлбөргүйгээр боловсрол олгодог Неаполийн нэгэн хийдэд Жордано нэрээр шавилан суужээ. Жордано сахил хүртээл авсан мэдлэгээ зогсоолгүй улам үргэлжлүүлэн эрдэмтний алдар нэр нь Европоор тархсан байв. Шашны номнолтой түүний үзэл санаа нь тааралгүй буруу номтон гэж сэжиглэгдэх болсон учир тэрээр Ромд зугтан дараа нь Европоор багагүй тэнэжээ. Лондонд байхдаа тэрээр Коперникийн ертөнцийн онолыг дэмжсэн ном бүтээлээ хэвлүүлсэн байлаа. Бруно 1591 онд Венецийн магнат Жованни Моченигогийн урилгаар Венецид ирэн ажиллаж байгаад тэдний харилцаа муудсан учир Мочениго Бруногийн талаар Венецийн шашны шүүхэд матаас бичин бариулсан байна. Түүнийг өөрийн үзлээс нь татгалзуулж чадаагүй учир нутгийн инквизаторууд Бруног Ромын шүүхдээ шилжүүлжээ. 1600 оны хоёрдугаар сарын 17-д католикийн шүүх түүнийг түүдэг галд буруу номтон гэж шатаан ном хэвлэлийг нь хориглосон байв.

1667 ОН: Жан-Батист Дени түүхэнд анхных болох цус сэлбэлтийг хийжээ. Хүний биеийн цусны эргэлтийн системийг анх 1628 онд Английн эрдэмтэн Уильям Гарвей зурагласан байлаа. Түүний бүтээл нь цус сэргээлт явуулах арга боловсруулахад хэрэг болжээ. Сорбоннын их сургуулийн математик, гүн ухаан ба анагаах ухааны профессор Жан-Батисст Дени 363 жилийн өмнө хижиг туссан 16 настай хүүд есөн унци буюу 250 шоо/см хурганы цусыг хийжээ. Өвчтөн эдгэрсэн гэдэг. Энэ баримт ер бусын. Учир нь үүнээс хойш 250 жилийн дараа л хүний цусны бүлгийг тогтоосон билээ. Түүний туршилтыг дараа нь давтах гээд бүтэлгүйтэж байсан учир Францад цус сэлбэхийг хориглосон байв. Цус сэлбэх  түүхэнд том нэвтрэлтийг Британийн эх баригч Жеймс Бланделла хийсэн байна. Тэр эмэгтэй 1818 онд өвчтөн эмэгтэйн амийг нөхрөөсөө авсан цусаар сэлбэн аварчээ. Гэсэн ч цус сэлбэх нь эрсдэл ихтэй хэвээр байлаа. 1900 онд Австрийн эмч Карл Ландштейнер цусны А,В, С бүлгийг нээсэн ба хожуу АВ бүлгийг тэдэнд нэмсэн байв. Нью-Йоркт 1907 онд эрүүл хүний цусаар өвчтөнг сэлбэхдээ анх удаагаа цусны бүлгүүдийн нэгдэх чанарыг барьжээ. Цус сэлбэж байсан эмч Рубен Оттенберг явцын дунд нэгдүгээр бүлгийн цус бүх бүлэгт таардагийг тогтоосон байна.

1896 ОН: Японы аралд болсон хүчтэй газар хөдлөлт ба түүнийг дагалдсан цунамийн гамшгаар 27 000 хүн амиа алджээ. Цунами дагуулсан хүчтэй газар хөдлөлт Японы арлуудад дундажаар долоон жилд давтагддаг. Хамгийн хүчтэй цунами 1854 оны хүйтэй газар хөдлөлтөөр гарсан ба тэр гамшгаар Токио, Киото хотууд сүйрэн нурсан байв. Эхлээд эрэгт есөн метрын давалгаа ирээд удалгүй буцсан байна. Дараагийнх нь 4-5 цагийн дотор зургаан том давалгаа эргийг арчсан байв. Үүний дараа япончууд эрэгт чулуун хана босгож байсан ч 1896 оны энэ өдрийн цунамид Хонсю арал маш ихээр өртсөн байна. Газар хөдлөлтөөс нэг цагийн дараа эргийг долоон том давалгаа дайрсан ба хамгийн том нь 30 метрийн өндөртөй байжээ. Цунами газрын хөрснөөс Минко хотыг арчин 10 мянган байшинг сүйтгэж 27000 хүний амийг авсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж