1950 оноос үүдээ цэлийтэл нээсэн Хөдөлмөрийн лагерт одоогоор 300 мянгаар тоологдох хүн албадан хөдөлмөр эрхэлж байгаа. Үүн дээр нэмэгдээд улирлын шинж чанартай хоригдлууд гурав гаруй саяар хэмжигддэг. Социалист бүтээн байгуулалтыг гэрлийн хурдаар хөгжүүлж, дээрээс нь үзэл санааны доголдолтой, нийгэмд саад бологчдыг залхаан цээрлүүлж, хүмүүжүүлэх хамгийн төгс арга бол хөдөлмөрийн лагерь. Тийм ч учраас Хятадын коммунист намын удирдлагууд энэ газрыг бий болгожээ. Ангийн дайсан, эсэргүү нарыг бус хулгай дээрэм хийж, архидан согтуурсан хүмүүсийг шийтгэдэг газар болон хувирчээ. Манайхаар бол “эрүүлжүүлэхтэй” төстэй гэж ойлгож болно. Шийтгүүлэх хүмүүсийн гэмт хэргийн сэдэлт нь өөрчлөгдөхийн хэрээр энэ системийг шүүмжлэгчдийн тоо ч олширч, ард түмэн нь ч үүнд итгэл алдарч эхлэв. Барууны орнуудыг бодвол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хамгийн хаалттай гэж нэрлэгдэх энэ орны мянга, мянган залуус хөдөлмөрийн лагерийг эсэргүүцэх болжээ.
1980-аад онд энэ системийг байлгах уу, эсвэл үгүй юу гэдгийг хэлэлцэж байсан ч газар авалгүй замхарсан юм. Тухайн үед дэлхийн өнцөг булан бүрт социалист системийг эсэргүүцэгчдийн бүхэл бүтэн үе цөн түрж байсан ч энэ байдлыг намжаахын тулд хөдөлмөрийн лагерийг бие даасан байгууллага болгох санаархал Хятадын удирдлагуудад байсан билээ. Харин одоо байдал шал өөр. Нийгмийн сүлжээний цахим сайтуудаар энэ системийг үгүй болгох хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Сина Вейбо нэртэй судалгааны блогт “Хөдөлмөрийн лагерийг алга болгох нь зөв үү” гэсэн судалгаа явуулсан байна. Тус блогт орогсдын 97 хувь нь дэмжсэн бол дөнгөж гуравхан хувь нь “Байх хэрэгтэй. Маш зөв систем” гэж хариулжээ. Одоогоор шинэхэн байгаа Хятадын удирдлагууд ойрын хэдэн жилдээ энэ системийг бүрэн үгүй болгох тухай яригдаж байгаа ч өргөс авч байгаа юм шиг хийх зүйл биш гэдгийг удирдлагууд нь мэдэгдэж байгаа.
“Тухайн үед хүмүүсийг хөдөлмөрийн лагерьт хүмүүжүүлэх нь цагаа олсон шийдвэр байсан байж болох талтай. Гэтэл өнөө цаг үед үүрэг, утга учир нь маш их алдагдсан том систем болж хувирлаа. Улс төрийн талаасаа ч, нийгмийн талаасаа ч үнэхээр гажуудаж байгаа тогтолцоо бол энэ. Үүнийг нэн даруй шийдэх хэрэгтэй” гэж БНХАУ-ын нийгмийн шинжлэх ухааны академийн профессор Юй Жанрун ярьжээ.
Хятадын хөдөлмөрийн лагерийн системийг тэр чигт нь хуулж, гуулин улсын “ихэр” 1960-аад оны сүүлээр хөдөлмөрийн лагерийг байгуулав. Анхнаасаа тэд социализмын бүтээн байгуулалтыг үнэгүйгээр, гэхдээ олон арван хүмүүсийн хүч чармайлтаар бий болгох гэж хичээж байсан учир Хятадад хөгжөөд байсан энэ систем яг хэрэгтэй байлаа. Тэгээд ч тэд анхнаасаа ямар ч үндэслэлгүй шалтгаанаар маш олон хүнийг энэ газарт хорьж, үнэ цэнэгүй хөдөлмөрийг хүчээр, албадан хийлгэсэн юм. Одоо ч гэсэн тэд энэ системийг үгүй хийхгүй гэдгээ цээж дэлдэн мэдэгдэж байгаа. НҮБ-ын судалгаагаар хамгийн аюултай хөдөлмөрийн лагериар хойдчуудынхыг нэрлэжээ. “Бидний цуглуулсан мэдээлэл үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр байсан. Нам, улстөр, удирдагчаа хүндлээгүй гэх шаардлагаар олон хүнийг хугацаагүйгээр албадан хөдөлмөр эрхлүүлдэг. Тэнд өдрийн хоолны норм, ажлын цагийн хуваарь гэж байдаггүй. Хүний наад захын эрх ч энд байдаггүй. Бидэнд баримтжуулах боломж байдагсан бол үнэхээр сэтгэл шимшрүүлмээр зүйлүүд их бий. АНУ-ын ТТГ-ын илрүүлсэн сансрын зураг, түүнийг хэд дахин татаж харуулсан зурагнаас өөр материалаас өөр баримт бидэнд байхгүй” гэж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн АНУ дахь суурин төлөөлөгч Майкл Кирби ярьжээ.
Албан бус тооцооллоор сүүлийн таван жилийн туршид давхардсан тоогоор нэг сая гаруй хүнийг хөдөлмөрийн лагерьт албадан хөдөлмөр эрхлүүлжээ. Одоогийн байдлаар 300 гаруй мянган хүн хөдөлмөрийн лагерт хоригдож байгаа аж.
Одоогоос гурван жилийн өмнө дэлхийг цочроосон нэгэн ном хэвлэгдэж байлаа. Энэхүү ном нь “15 дугаар лагериас оргосон нь” нэртэй байсан бөгөөд хэвлэлтэд гарсаны дараа Хойд Солонгосчууд эрс эсэргүүцэж, баримт дэлгэсэн хүнийг олохыг даалгасан ч номыг хэвлүүлсэн хүн олдоогүй аж. Яг үүнээс хойш Бүх Солонгосын хөдөлмөрчдийн намын удирдлагууд өндөр албан тушаалтнуудыг буруутган улстөрийн хоригдолуудын тоог дахин хэдээр нэмсэн билээ.
Хөдөлмөрийн лагерь гэх тодорхойлолтод энэ хоёр улсын албадан хөдөлмөрийн системийг нэрлэх нь учир дутагдалтай. Учир нь Хятад, Хойд Солонгос шиг тийм олон хүнийг хорихгүй, зөвхөн тогтсон нэг газар шоронд хоригдож байгаа хэн нэгнийг аваачиж ажиллуулдаг тогтолцоотой. Гэхдээ шоронд хоригдож байгаа хүмүүсийн дийлэнх нь эрх баригч намын эсрэг өдөөн хатгалга хийсэн, эсвэл тууштай тэмцэгчдийн бүлгэмийн гишүүд байдаг гэх судалгааг НҮБ-ынхан хийжээ. Гэхдээ энэ талаарх мэдээлэл нийгэмд тийм ч ил бус. Венесуэлийн тухайд улстөрийн хэргээр шоронд хоридогчдын тоо 2004 оноос нэмэгдэж, газрын тосны орд болоод бүтээн байгуулалтын ажилд олон арваараа дайчлагдсан баримт бий. Кубын тухайд 1960-аад оноос хөдөлмөрийн лагерийн систем цэцэглэн хөгжсөн байдаг. Мөн л Хятадын хөдөлмөрийн лагериас санаа авсан нь тодорхой. Зөвхөн энэ газрын хүчээр л Кубын өнцөг булан бүрт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн билээ. Венесуэль болоод Куба улсад хоёр гаруй сая хүн хөдөлмөрийн лагерийн золиос болж байгаа гэсэн албан бус судалгаа гарсан байдаг.
Жич: Өмнөд Америкийн ихэнх улсууд тухайлбал Экуадор, Аргентин, Колумб, Боливи зэрэг улсуудад улстөрийн хоригдлууд болоод албадан хөдөлмөр эрхлэгчдийн тоо харьцангуй өндөрт тооцогддог.
Өнгөрсөн хугацаанд НҮБ болоод бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудаас хөдөлмөрийн лагерь болоод тэвчишгүй хөдөлмөрийн системийг үгүй болгох хэд, хэдэн шаардлага хүргүүлж байсан ч Хятад, Хойд Солонгос, Кубын аль нь ч хүлээн авч байгаагүй юм. Харин нэгэн цагт хамгийн хаалттай, харгис гэгддэг байсан Хятад улс хөдөлмөрийн лагерийн тогтолцоог ойрын 10 жилдээ багтаан үгүй болгох талаар ажиллаж эхэллээ.