Залуу Гамлет С.Болд-Эрдэнийн анхны найруулгын бүтээл өчигдөр нээлтээ хийлээ. Киноны багийнхан, уран бүтээлчид, урлаг, соёлын зочид оролцсон “Хөлтрөг” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь гол дүрийн жүжигчин О.Долгор Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн юм. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар түүнд шагналыг нь гардуулж, энгэрт нь тэмдэг зүүж өгсөн.
Залуу жүжигчин О.Долгор “Хөлтрөг” кинонд өөрийгөө маш их эвдэж, хурцалж, чангалж тоглосон гэдгээ хэлж байсан юм. Түүний бүтээсэн Замилангийн дүр сайн хэрнээ муу, залуухан эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл ямар том алдаанд хүргэдгийг маш тодорхой харуулжээ. О.Долгорын жүжиглэлт үзэгчдийг айлгаж, төгсгөлд нь уйлуулж чадсан. Үзэгчдийн сэтгэлийг тэгтэл хөдөлгөж чадсан болохоор түүнийг дүрээ сайн бүтээжээ гэж үнэлж болмоор санагдав.
Э.ТЭКҮ