Буриадын уран бүтээлчид олон танил, дотно аялгуу, дуугаар Монголын үзэгчдэд өчигдөр түрлэг өргөлөө. Ялангуяа манайхны маш сайн мэдэх “Хатариш” дууг дуурийн хэлбэрт оруулан дуулсан нь үзэгчдээс харамгүй алга ташилт авав. Манай дуурийн зрител одоо хүртэл нэг их залуужаагүй. Ихэвчлэн олон жил тогтмол дуурь үзэж байгаа байнгын үзэгчид энэ өдөр театрт иржээ. Гэхдээ цөөн хэдэн залуус харагдав. Тэдний зарим нь нойрмоглож, хааяа толгой дохин суух аж.
Буриадын уран бүтээлчид ирсэн болохоор Монголд амьдардаг оросууд, мөн Орост, Буриадад сургууль төгссөн монголчууд олноороо ирсэн байлаа. Тэдний биеэ авч яваа байдал, үзэгчийн соёл үлгэр жишээ авмаар.
Тоглолтын тасалбар 15-20 мянган төгрөг. Энэ нь гаднаас уригдсан бусад тоглолтуудыг бодвол харьцангуй хямдад тооцогдоно. Саяхан Монголд тоглоод буцсан Оросын балетын оддын тоглолт гэхэд 60-80 мянган төгрөгийн үнэтэй байсан.
Магадгүй, дуурийн театрт очсон хүн бүрт төрдөг бодол байх. Тэнд тоглолт үзэх бүртээ энэ сонгодог тоглолтыг залуучууд илүү олноороо үздэг, сонгодог урлагт татагддаг болчихвол гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Хүн хөгжмийн ямар ч урсгалыг сонирхон сонсдог бай сонгодог урлагийн театрт хааяа ч болов цаг гаргаж очдог баймаар байна. Ядаж тэндээс хүн ямар нэгэн соёлд суралцана.
ОХУ-ын Буриад улсын Дуурь бvжгийн эрдмийн театр Монголын үзэгчдийн хувьд эртний танил. Тэд 2007 онд гэхэд бараг 200-гаад хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатарт ирж, "Хунт нуур" бүжин, "Ромео, Джульета", "Вальсийн хаан", "Кармина Бурана", "Буратино" бvжгин жvжиг, хүүхдэд зориулсан хөгжимт үлгэрийг хүртэл тавьж байсан юм.
Буриадын ДБЭТ нь Дорнод Сибирь, Алс Дорнодод байгаа цорын ганц театр бөгөөд анх 1939 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.