Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Сүүлийн таван жил уул уурхайн салбар “моодонд” орж, гадныхны анхаарлыг эрхгүй татсан. Энэ дагуу олон улсын чуулга уулзалт жилдээ хэд хэд болж, энэ жилийг эс тооцвол гадаадынхны хөл татарсангүй. Олон улсын чуулга уулзалт сүүлдээ уул уурхайн бүтээгдэхүүн дотроо бүр төрөлжих боллоо. Тэгвэл металл үйлдвэрлэлийн салбараар дагнасан “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт өнөөдрийн туршид боллоо. 300 гаруй уул уурхайн салбарын төлөөлөгчдийг цуглуулсан чуулга уулзалтын уур амьсгал таатай байсан гэж тодорхойлмоор. Чуулган уул уурхай, металлургийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, алт, зэс, хар төмөрлөгийн салбар гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэй байлаа.

Металлийн салбарынхан өөдрөг үзэлтэйгээр энэ танхимд чуулжээ. Хэлэлцэж буй хандлага нь ингэвэл ийм боломжтой, тэгвэл тийм гэх зэргээр олон хувилбартай байсан юм. Сэдвийн хүрээнд тоймлон хүргэе.

Цогцолбор байгуулах байршлыг нарийн төлөвлөнө

Металлургийн цогцолборыг байгуулахын тулд Сайншандын аж үйлдвэрийн паркад түлхүү анхаарлаа хандуулж байна. Цогцолбор байгуулахад нэн тэргүүнд тулгараад буй асуудал бол усны нөөц бага тухайд. Одоогийн байдлаар энэ том цогцолборыг байгуулж, цаашдаа тогтвортой ажиллуулахад шаардлагатай усыг хэрхэн шийдэх боломжтой талаар судалгаа хийгээд дуусч буй ажээ. Энэ оны төгсгөлөөр усны судалгаа бүрэн дуусах учиртай гэнэ. Харин геологийн судалгаа ирэх оны хоёрдугаар сард дуусах юм байна.

Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболд:

-Сайншандын аж үйлдвэрийн паркын суурь судалгааг бүрэн хийгээд дуусахад хөрөнгө оруулалт тодорхой болвол бүтээн байгуулалтыг шууд эхлүүлнэ. Металлургийн цогцолбор өөрөө их хөрөнгө шаарддаг. Ялангуяа шууд бус хөрөнгө оруулалт буюу дэд бүтцийнх. Одооны хэрэгжүүлэх гол үзэл баримт нь нэг газарт төвлөрсөн дэд бүтцээ хийгээд өртөг зардлыг нь бууруулах юм. Өөрөөр хэлбэл, уурхай, үйлдвэр бүр тусдаа төмөр зам татна гэж байхгүй. Өртгийн хувьд, парк байгуулахад анхны судалгаагаар 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Сайншандын аж үйлдвэрийн паркт шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ энэ судалгаа нэлээн өөрчлөгдөх байх.

Байршлын хувьд металлургийн цогцолборыг зөвхөн  Сайншандын аж үйлдвэрийн паркад багтааж шийдэх үү, эсвэл ашигт малтмалынхаа орд газрыг түшиглэн зэс, төмөр, алт гэх зэргээр ангилж үйлдвэр байгуулах уу гэдгийг нарийн тогтоогүй байна.

Монгол Зэс, алт, төмөр хөтөлбөрүүдийн тухайд

Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас томилогдсон ажлын хэсэг “Монгол алт”, “Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөрийг боловсруулж  Засгийн газарт өргөн барих ажээ. Албаны хүний хэлсэнээр он дуусахаас өмнө Засгийн газраар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй юм байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зэс хайлуулах, гангийн, цэвэршүүлэх гэх зэрэг үйлдвэрүүдийг байгуулах аж. Учир нь дээр хэлсэнчлэн бүхэл бүтэн Металлургийн цогцолбор байгуулахад түүхий эдийг бэлтгэн боловсруулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс хөтөлбөр хэрэгжүүлж, байгаа түүхий эдээ ашиглан үйлдвэр байгуулан бүтээгдэхүүний тасралтгүй урсгалыг хангах юм. Асар том зүйл жижгээс эхэлдгийн адилаар ийнхүү металлургийн цогцолборыг байгуулахад шаардлагатай дагалдах үйлдвэрүүдийг ажиллуулах нь.



Зэс хөтөлбөрийн тухайд Үйлдвэр, хөдөө аж ахуйн Дэд сайд  Г.Цогтгэрэл:

“Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд олон хувилбар яригдаж байна л даа. Зэсийн хөтөлбөр гэхэд, энэ үйлдвэрлэлийг дэмжихэд “Оюутолгой” –н баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон, манай эдийн засгийг тэтгэсээр ирсэн Эрдэнэтүйлдвэр болон Цагаан суваргын зэсийн ордын бүтээн байгуулалт эхэлсэн нь ихээхэн түлхэц болно. Харин  үйлдвэр байгуулах байршил нь яг нарийн тогтоогүй. Жишээ нь, зэсийн үйлдвэрийг “Эрдэнэт” үйлдвэрт нь түшиглэж эсвэл Цагаан суваргын ордод нь барьж болно. Мөн Оюутолгойд түшиглүүлж ч барьж болох юм. Статусын хувь хоёрыг нийлүүлээд нэгийг тусад нь барьдаг ч юм уу. Эсвэл бүгдийг нь нийлүүлээд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт байгуулах уу гэсэн хувилбарууд бий л дээ”

“Монгол төмөр” хөтөлбөрийн хувьд гэвэл, манай дотоодын  төмрийн хэрэгцээ 300 гаруй мянган тонн ажээ. Ойрын жилүүдэд 400-500 мянган тонн болох бололцоотой юм байна. Энэ хэмжээний төмрөөрөө эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангах юм. Хөтөлбөрийн хүрээнд үйлдвэр байгуулахад Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ түшиглээд байгуулчих бүрэн боломжтой талаарх санаа гарч буй ажээ. Ийнхүү хөтөлбөрүүдийг Засгийн газраар хэлэлцүүлж, тодорхой шийдэлд хүрсэний дараа хаана, хэдэн үйлдвэрийг хэрхэн байгуулах талаарх нарийн дүр зураг гарах юм байна. Ийнхүү олон ч гарц, шийдэл байж болохыг эндээс дууллаа.

Чуулганы үеэр хүндэт зочдоос саналыг сонсон хэлэлцсэн бөгөөд алтны салбарын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.



Уул уурхайн үндэсний ассоциацийн хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат:

“Дэлхийн зах зээлд алтны үнэ өсөөд байдаг. Манайд харин алтны үйлдвэрлэл буураад байх юм. Ойрын жилүүдэд нэг унци алтны үнэ 1400 ам.доллартай байх прогнозтой байхад алт бидний хувьд маш чухал”.


Үүнд
Чуулга уулзалтын модератороор сонгогдсон Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Монголын хувьд алтаа олборлосоор л байгаа. Буурсан зүйлгүй ч алтны хулгай ихэссэн юм. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэсэн тайлбар хийсэн.

Түүнчлэн алтны салбарын тухайд, бичил уурхай гэсэн нэрийдлээр “нинжа” нарыг өөгшүүлж байна гэсэн санаа гарч байсан бөгөөд хэн дуртай нь ухаж сэндийчдэг явдал үргэлжилсээр байгааг шүүмжилсэн. Өөр нэг асуудал бол орон нутагт нь олборлолт хийчихээд л яваад өгдөг тухай. Олборлолт хийсэн бол тухайн орон нутагт нь ашигт малтмал ашигласны төлбөр болгож 25 хувийн ашгийг өгөх асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй юм. Энэ асуудлыг Сангийн яам гацааж буйг оролцогсод шулуухан хэлж, дан ганц олборлолт хийж байгаа компаниуд руу дайрах биш, хууль эрх зүйн зохицуулалтаа зөв хийх хэрэгтэйг хэлж байлаа.

Нийт металлийн үйлдвэрлэлийг шүүн тунгаасан энэхүү чуулга уулзалтаар энгийн боловч чухал асуудлыг хөндсөн нь Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн Гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун байлаа. Тэрбээр:

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж их ярьсан ч үнэндээ дээрдсэнгүй. Одоо энэ металлургийн салбарыг хөгжүүлэхэд том үйлдвэрүүдийг түшиглэх юм байна. Металлургийн цогцолборыг хөгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэр биш том үйлдвэрүүд голлох үүрэгтэй гэдгээ сайн хуульчлах хэрэгтэй. Үүндээ  мөн төр, хувийн хэвшлийн оролцоог хууль эрх зүйн баримт бичгүүддээ нарийвчлан тусгах хэрэгтэй. Хамгийн гол зорилго маань уул уурхай, хүнд үйлдвэрлэл маань сайн хөгжөөсэй” гэсэн юм.

Энэ мэт металлтай Монголд олон боломж, сорилт, ирээдүй байна.Өнгө аясын хувьд урьд жилүүдэд болж байсан уул уухайн салбар дахь олон улсын чуулга уулзалтуудаас ялгаатай нь гадны хөрөнгө оруулагчдад найдахаас илүү дотоодын нөөц, бололцоогоо зөв ашиглаж, байгаагаа юм болгохдоо түлхүү анхаарах болжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж