Зуухны үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Зуухны үйлдвэр байгуулна

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өнөөдөр хуралдаж нийслэлийн гэр хорооллыг боловсруулсан түлшээр хангах ажил ямар шатанд яваа, мөн утаагүй зуухаар хангах ажил хэр үр дүнтэй байна вэ зэрэг тодорхой асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсч зарим шийдвэрийг гаргалаа.

УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгаснаар Улаанбаатар хотын хэмжээнд 2014 оноос түүхий нүүрс хэрэглэхийг бүрмөсөн хориглохоор заасан юм. Гэвч боловсруулсан түлшээр хангах ажил урагшлахгүйгээс нийслэлчүүд нүүрсээ өрдөн өвлийг давахаас аргагүй болжээ.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайланд дурдсанаар энэ өвөл “Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс”-ийн өрхийг боловсруулсан түлшээр хангахад нийт 33 мянган тонн түлш шаардлагатай боловч өнөөдрийн хувьд дөнгөж 700 тоннын нөөцтэй байгаа нь бүс дэх хэрэгцээний дөнгөж хоёр хувийг хангах үзүүлэлт аж. Боловсруулсан түлш бэлтгэх ажил хангалтгүй байгаа нь Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээг авч чадаагүйтэй холбоотой гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон үзлээ.

Тиймээс тус хорооноос “Багануур” ХК-ийн нүүрсний уурхайгаас 100 мянган тонн түүхий нүүрсийг дулааны цахилгаан станцуудад борлуулж байгаа үнээр нийлүүлэх, үйлдвэрлэсэн хагас коксыг брикетлэх, тээвэрлэх, нөөцлөх зэрэг үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахыг холбогдох газруудад үүрэг болголоо.

Үүний дараа гэр хорооллын өрхүүдийг утаагүй зуухаар хангах ажил ямар шатанд яваа талаар мэдээлэл сонсов. Энэ жил нийслэлийн гэр хорооллын 45 мянган өрхийг утаагүй зуухаар хангахаар төлөвлөжээ. Зуухыг захиалагчдад нь хүргэх ажил өнгөрсөн аравдугаар сарын 7-ноос эхэлсэн байна. Мөн зуух түгээх 25 цэг ажиллаж байгаа аж. Одоогоор нийт 11098 өрх зуух худалдан авах захиалга ирүүлснээс 7545 нь мөнгөө тушаажээ. Төлбөрөө төлсөн өрхүүдэд зуух түгээх ажил хийгдэж эхэлсэн. Гэхдээ энэ ажил амаргүй нөхцөлд үргэлжилж байгааг албаныхан дуулгалаа. Учир нь захиалагчийнх нь өгсөн хаяг дээрээ байдаггүй, байлаа гэхэд хуучин ашиглаж буй зуухаа өгдөггүй, эсвэл гэр нь эзгүй, зуухаа суурилуулах болоход өөрсдөө тавина гэдэг. Энэ тохиолдолд зуухаа буруу суурилуулах, эсвэл бусдад зарах зэрэг зөрчил гаргадаг байна.

Турк улсаас импортлон оруулж ирж байгаа дээрх зуухыг иргэдэд хямдралтай үнээр борлуулдаг. Түүнээс тухайн улсдаа 100 ам.долларын үнэтэй. Манайд борлуулагдаж байгаа утаагүй зуух хэмжээнээсээ хамаарч 29.000-32.000 мянган төгрөгөөр борлуулагддаг. Гэвч иргэд хямд үнээр худалдан авсан зуухаа зах дээр үнэ хүргэн зарах, орон нутгийн иргэд мөн худалдан авах сонирхолтой байгааг далимдуулж үнэ хөөрөгдөн зардаг зэрэг зөрчил гарсаар байгаа аж. Энэ тохиолдолд гэр хорооллын утааг бууруулахад төвөгтэй. Нөгөө талаас Дэлхийн банкнаас уламжлалт зуухны борлуулалтыг хязгаарлах талд анхаарал хандуулахгүй бол орон нутгаас шилжин ирж байгаа өрхүүд тэрхүү зуухыг худалдан авдаг. Энэ нь эргээд утааг бууруулахад үр дүн дагуулахгүй байна гэж үзжээ. Түүнчлэн 3-4 жилийн дараа утаагүй зуухны эдэлгээ муудаж засварт оруулах шаардлагатай болно. Ийм үед Монголд тэдгээр зуухыг засварлах үйлдвэртэй байхгүй бол багасч байсан утаа буцаад ихсэх аюултай аж. Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зуухны үйлдвэр байгуулах чиглэлээр ажил эхлүүлжээ. Энэ хүрээнд Туркийн технологийг нутагшуулах чиглэлд анхаарч байгаагийн зэрэгцээ энэ чиглэлийн үйлдвэрийг байгуулах сонирхолтой аж ахуйн нэгжийг гарааны үед нь дэмжлэг үзүүлэх юм байна.

Сануулахад, Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор 2011 онд 34 тэрбум төгрөг, 2012 онд 90 тэрбум төгрөг улсаас төсөвлөсөн бол энэ онд 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, гэр хорооллын өрхүүдийг 100 хувь утаагүй зуухаар хангах чиглэл барьж байгаа аж. Гэр хорооллын өрхүүдийг утаагүй зуухаар бүрэн хангасан нөхцөлд хорт утаа 60 гаруй хувиар буурах боломжтой гэж үзжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж