НҮБ-ын асуудлаар байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

НҮБ-ын асуудлаар байр сууриа илэрхийлэв

НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

НҮБ-ын
Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагааны илтгэл, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн
шинэчлэлийн асуудлаарх хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа
Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч оролцож, энэ сарын 7-нд Засгийн
газрын байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр олон улсын энх тайван,
аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ажлын
үр дүнг, тухайлбал НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үүргийг тодотгосон
2086, 2098, 2100 тогтоолыг Аюулгүйн Зөвлөлөөс баталж, шийдвэрлэснийг
сайшаав. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын газар,
энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч улс хоорондын гурвалсан
хамтын ажиллагаанд ахиц гарч байгаа хэдий ч түүнийг цаашид улам
бэхжүүлэх, цэрэг хандивлагч улсын оролцоог шийдвэр гаргах түвшинд
нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн
ажлын аргачлалыг улам бүр нээлттэй, ардчилсан, үр дүнтэй болгох
чиглэлээр гарч буй нааштай алхамууд, тухайлбал, Аюулгүйн Зөвлөлөөс
нээлттэй хуралдаан хийх, хаалттай хуралдаанд АЗ-ийн гишүүн бус улсыг
урьж оролцуулж байгаа нь чухал гэдгийг манай төлөөлөгч тэмдэглэв.

НҮБ-ын
Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Монгол Улсын уламжлалт байр
суурь хэвээр гэдгийг Байнгын төлөөлөгч нотолж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн
байнгын болон байнгын бус гишүүний тоог нэмэгдүүлж өргөтгөх, ажлын
аргачлалыг сайжруулах, вето эрхийн асуудлыг нухацтайгаар хянан үзэх
шаардлагатай гэдгээ илэрхийлэв.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн
шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээг үр дүнтэйгээр
үргэлжлүүлэх, гишүүн орнууд бодит хэлэлцээ хийх суурь баримт бичиг
шаардлагатай байгааг манай төлөөлөгч онцлов. НҮБ, түүний дотор Аюулгүйн
Зөвлөлийн шинэчлэлийн асуудлыг тэргүүлэх нэг зорилтоороо тодорхойлон,
санаачилга, чармайлт гарган ажиллаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68
дугаар чуулганы дарга Ж. Ашед талархалж илэрхийлж, чуулганы даргаас
дэвшүүлсэн, санал, санаачлага, үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг гишүүн
орнуудад манай төлөөлөгч уриалав.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж