Цалин, тэтгэврийг 35 тэрбумаар нэмэгдүүлэх шийдэлд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Цалин, тэтгэврийг 35 тэрбумаар нэмэгдүүлэх шийдэлд хүрчээ

Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоод хамтран хэлэлцээрийн ширээний ард сууснаар ирэх онд цалин, тэтгэврийн санг 35 тэрбум төгрөгөөр өсгөх шийдвэрт хүрчээ. Энэ талаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд цалин тэтгэврийн нэмэгдлийг 200 тэрбум төгрөгөөр тусгажээ. Гурван талт хэлэлцээрийн үр дүнд 35 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм байна. Ийм шийдвэр гаргахад эдийн засагчдын байр суурийг сонсч, судалгааг нь үндэслэн гаргасан тухай Хөдөлмөрийн сайд онцоллоо. Мөн ирэх онд цалин, тэтгэврийг нэмэхдээ зарлахгүй, энэ нь үнийн өсөлтөөс сэргийлж буй хэлбэр гэнэ.

Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд зарцуулах 235 тэрбум төгрөгийн 139 тэрбум нь төрийн албан хаагчдын цалинд, үлдсэн нь тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд тус бүр хуваарилагдах аж.

Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээр цаашид үргэлжлэх юм байна. Ингэхдээ УИХ-аас 2014 оны нэгдсэн төсвийг баталсны дараа аль салбарын цалинг хэдий үед нэмэх тухайд тодорхолох аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж