Оюутолгойнхон С.Ганбаатарын уулзалтад ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Оюутолгойнхон С.Ганбаатарын уулзалтад ирсэнгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд, Оюутолгойн гэрээг байгуулахад гар бие оролцсон зарим УИХ-ын гишүүдтэй  өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд уулзалт ярилцлага хийхээр урилга хүргүүлээд байсан. Харамсалтай нь эрхэм гишүүний урилгыг “Хүлээж авлаа” гэсэн эрхмүүд товлосон цагтаа хүрэлцэн ирсэнгүй.  Ганцхан УИХ-ын гишүүн асан Ц.Сэдваанчиг л ирсэн байв. Тиймээс С.Ганбаатар гишүүн дараагийн уулзалтыг УИХ-ын даргын түвшинд зохион байгуулахаар өнөөдөр УИХ-ын  дарга З.Энхболдод хүсэлт хүргүүлэхээр болжээ. С.Ганбаатар гишүүн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд болох Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу, Да.Ганболд болон С.Баяр, Н.Багабанди, С.Баярцогт, Ч.Ганболд, П.Цагаан, Л.Гансүх, Д.Зоригт, Ц.Сэдванчиг, Д.Батбаатар, Д.Ганхуяг  нарын нийт 13 хүнд  урилга илгээсэн байна.

Түүнээс дээрх асуудалтай холбоотойгоор хариулт авлаа. 


-Та “Оюутолгой”  компанийн ТУЗ болон улстөрчтэй чухам ямар асуудлаар уулзалт хийх гэж байсан юм бэ?

-УИХ-ын Төсвийн байнгын хорооны “Оюутолгой” компанийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэгтэй  Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлт саяхан гарсан байна. Дүгнэлтэд маш ноцтой зүйлүүд олон байсан.  Тиймээс төслийн цаашдын үр ашиг  ямар  байх вэ, иргэдэд өгөөжтэй байхын төлөө нэг сэтгэлээр санал бодлоо хуваалцахыг зорьсон. Харамсалтай нь урилга илгээсэн хүмүүсийн зарим нь өнөөдөр ирэх боломжгүй  гэж хариу ирүүлсэн. Зарим нь огт хариу өгсөнгүй. Тиймээс энэ удаагийн уулзалтыг  хойшлуулахаас аргагүй боллоо. Дараагийн уулзалтыг УИХ-ын даргад хүсэлт хүргүүлж  хийх бодолтой байна. Монгол Улсын эрх ашиг хөндөгдөх чухал уулзалт хийх урилга хүргүүлсэн ажлын хэсгийн ахлагчийг үл хүндэтгэсэн байдал гаргаж байна.

-Урилга  явуулсан хүмүүсээс хэн нь хариу ирүүлсэн бэ?

-Оюутолгойн ТУЗ-өөс Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу, Да.Ганболд нар уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Металс Монголия”  чуулга уулзалт давхцаж байгаа учраас ирэх боломжгүй. Уулзалтыг ирэх долоо хоногт  “Эрдэнэс Оюутолгой” компанийн байранд зохион байгуулах  саналтай байна гэж мэдэгдсэн. С.Баярцогт 13.00 цагаас УИХ-ын чуулганы хуралдаантай гэдэг  шалтгаанаар ирэх боломжгүй гэсэн. Харин  С.Баяр, Н.Багабанди хоёр  огт хариу өгөөгүй. Эдгээр хүмүүс дотор Оюутолгойн гэрээг байгуулахад оролцсон хүмүүс ч бий.

-ТУЗ –ынхан Лондон яваад ирснийхээ дараа 15 асуудлыг шийдвэрлэсэн гэсэн.  Үлдсэн асуудлыг  нааштайгаар  шийдвэрлэж байгаа талаар танд мэдээлэл байна уу?

-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байхад яг  ийм байсан шүү дээ. Атомын бөмбөг хийх гээд байгаа юмуу, ард түмэндээ ашигтай гэрээ хийх гээд байгаа юмуу гэдэг нь нууц л байсан. Одоо энэ гэрээний зэс нь цухуйж эхэллээ. Үлдсэн асуудлыг шийдвэрлэж байгааа эсэх талаар энгийн иргэдэд байтугай УИХ-ын гишүүдэд ч мэдээлэл алга л байна. Оюутолгой компанитай холбоотой асуудлаар гишүүдэд мэдээллийг ил тод нээлттэй өгөөч гээд 24 гишүүн гарын  үсэг зурсан ч нэмэр болсонгүй.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж