С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр сэтгүүлчдэд
мэдээлэл хийлээ. Тэд Оюутолгойн гэрээг хэрэгжүүлэх чиглэлд Засгийн газар шуурхай ажиллах ёстой гэж үзэн шаардлага
хүргүүлж байгаа аж.
Монгол Улс энэ
онд Оюутолгойгоос рояльтын татвараар 445 тэрбум төгрөг авах ёстой
байсан. Гэвч Засгийн газрын зүгээс Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулаагүй, хэлэлцээ явж байгаа тул хөрөнгө оруулагч талаас үүнийг шаардах нь хүнд байна гэж үзэн, 2013 оны төсвийн
тодотголыг УИХ-аар хэлэлцэх үед дээрх 445 тэрбум төгрөгийг
хасуулсан юм байна. Одоо УИХ-аар 2014 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа, гэвч мөн л
Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулаагүй байна гэх үндэслэлээр дээрх татварыг суулгахгүй сугалж авч үлдэх талд Засгийн газар ажиллаж байгаа тул
бие даагч гишүүд Засгийн газарт сануулга болгож, шаардлага хүргүүлж буй юм
байна.
УИХ-ын гишүүн
Х.Болорчулуун дээрх асуудлаар
байр сууриа илэрхийлэх үеэрээ “Ардчилсан
нам өнгөрсөн УИХ-ын
сонгуулиар Оюутолгойн гэрээг сайжруулна. Бид авах ёстой татвараа бүгдийг авна”
гэх амлалт өгч гарч ирсэн. Гэтэл амлалтаасаа буцан төсөвт суулгах ёстой 445 тэрбум төгрөгийг ирэх онд суулгахгүй байхыг
эрмэлзэж байна. Тийм учраас
бие даагч гишүүдийн
хувьд Засгийн газрыг амласнаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллах
ёстой гэдгийг сануулах болно”
гэлээ.
Мөн газрын
тосны салбарт олборлолт хийж
буй “Перочайна Дачин Тамсаг”, “Доншин газрын тос Монгол” компаниуд ирэх онд хөрөнгө оруулалтаа
50 хувиар бууруулах болно гэж
мэдэгдсэн нь шантааж. Хамгийн ашигтай гэрээг байгуулан энэ салбарт ажиллаж
байгаа. Олж байгаа ашгаасаа 24 хувийг л Монголд өгнө. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөл дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
Энэ боломжийг ашиглаж хөрөнгө оруулагчид
хууль эрх зүйн орчныг өөрсөддөө илүү таатай болгохыг чармайж байна. Харилцан ашигтай байх зарчмыг хууль эрх зүйн хүрээнд хангаж өгөх ёстой
гэлээ.
Г.ДАРЬ