Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Монголын
оюутны холбоо Монголд хийж байгаагүй жагсаал хийх юм гэнэ. Оюутны 70
мянган төгрөгийг нь өгөхгүй бол тэмцэнэ гэнэ. Тэд хэнийг айлгаж,
сүрдүүлнэ вэ?

Оюутнууд “Сургуульд сурах гэж байна, мөнгө өг. Өгөхгүй бол жагсана, тэмцэнэ” гэнэ дээ, одоо.

Монголын
оюутны холбоо /МОХ/ оюутны эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолой
болсон байгууллага байх ёстой. Мэдээж, 70 мянган төгрөг өгөхгүй байснаар
оюутнуудын эрх ашиг зөрчигдөх байдал үүсээд байгаа бол дугарах ёстой нь
МОХ мөн. Гэхдээ энэ мөнгө ярихаар л МОХ дугарч, дуу гаргаж эхэлдэг нь
их сонин. Сүүлийн гурван жилийн турш оюутны төлбөр нэмэгдэж байхад тэд
жагссан билүү. Сургалтын чанар, орчин муу байна гэж энэ хүмүүс дугарч,
жагсаж, дуу хоолойгоо өргөж байлуу…

Оюутнуудад 70 мянган
төгрөгийн тэтгэлэг олгох нь зүйтэй. Гэхдээ үүнийг ялгавартай олгох уу,
эсвэл нийтэд нь олгох уу гэдэг асуудлыг яг одоогоор Засгийн газар болоод
УИХ-ын түвшинд хэлэлцэж байна. 70 мянган төгрөгийг олгохдоо сурлагын
чанар, их, дээд сургуулийн сургалтын орчинг харгалзах санал УИХ дээр
яригдаж байхад, энэ асуудал нэг тийш шийдэгдээгүй байтал МОХ яагаад ийн
“сүрдүүлэг” хийв.

Монголын оюутны төлөөх байгууллагынхан та бүхэн
тэтгэмж олгосонгүй, автобусанд үнэгүй явуулсангүй, сургалтын төлбөр
хөнгөлсөнгүй гэж жагсаал, цуглаан хийж байхын оронд оюутнуудын сурлагын
чанар, сурах нөхцөлд нь анхаарлаа хандуулах чиг үүргээ идэвхижүүлэхэд
буруудахгүй л болов уу. Оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт,
автобусанд үнэгүй зорчих, тэтгэлэг олгох гээд олон боломжуудыг эдэлдэг.
Ингэлээ гээд оюутнууд сурсан, мэдсэн нь сав дүүрсэн гэж харагдахгүй л
байдаг.

Т.ОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж