АН Увсын маргааныг шийдвэрлэх хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

АН Увсын маргааныг шийдвэрлэх хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ

Жил гаруй хугацаанд үргэлжилж буй 2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшсэн хүмүүст холбогдох маргааныг шүүх процесс дуусгавар болсон. МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн сурталчилгаанд ажилласан шадар туслах нарын долоон хүнд шүүхээс ял оноож, хариуцлага тооцон, мөн энэ мөнгийг тараасныг үнэн зөвөөр мэдээлсэн сонгогчийн мөнгийг 10 дахин нугалж төлөх зэрэг хохирлыг барагдуулаад байгаа билээ.

Харин АН-аас нэр дэвшигчид  МАН-аас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүний мандатыг хүчингүйд тооцож, энэ асуудлыг СЕХ шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс АН-ын зүгээс дээрх нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн нь тогтоогдсон учир энэ асуудлыг сонгуулийн хуулийн дагуу  шийдвэрлүүлэх  ёстой гэсэн хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд өглөө. Өргөдлийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь аваачиж өгөв.

Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас тодрууллаа.

-СЕХ-нд хандаж өгсөн өргөдлийнхөө үндэслэлийг тайлбарлахгүй юу?

-АН-аас СЕХ-нд хандаж, УИХ-ын 2012 оны 15-р тойрогт үүссэн сонгуулийн маргааныг шүүхийн шийдвэрт үндэслэн хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлөө албан ёсоор хүлээлгэн өглөө. Улсын дээд шүүхийн эрүүгийн болон захиргааны шийдвэр гарсан. Энэ шийдвэрүүдийг үндэслэн сонгуулийн хуулийн 35.34-т заасан үйл ажиллагааг СЕХ хэрэгжүүлэхийг хүссэн хүсэлт гэсэн үг юм. Шүүхийн болон гүйцэтгэлийн шийдвэрүүдийг хавсарган хүргүүлсэн байгаа.

-СЕХ энэ асуудлыг ямар хугацаанд шийдвэрлэх боломжтой вэ?

-СЕХ-нд асуудлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа гэж бий. Энэ хугацаа нь 30 хоногийн дотор, дахин хянах шаардлагатай гэж үзвэл хоёр сар байдаг. СЕХ асуудлыг хуулийн хугацаанд шийднэ гэдэгт найдаж байна.

-СЕХ МАН-аас нэр дэвшин, УИХ-д сонгогдсон гишүүдийн мандатыг хүчингүй болгох боломжтой юу?

-2011 оны арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 35.34-т зааснаар, УИХ-ын гишүүн болох явцад хууль зөрчсөн үйлдэл нь шүүхээр хянан шийдвэрлэгдэж,  УИХ-ын гишүүн болсноос хойш тогтоогдвол гишүүний мандатыг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх субъект нь СЕХ юм. Тиймээс СЕХ энэ хуулийн заалтаа хэрэгжүүлээчээ гэсэн шаардлагыг л бид тавьж байгаа.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж