“Бенз”-ний түүх үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

“Бенз”-ний түүх үргэлжилсээр

Нэг их юм бодолгүйгээр угсруулсан хэдэн жиргээдэхсэн УИХ-ын гишүүн хатагтайн жиргээний түүх өчигдөр мөн л үргэлжлэв. Шинээр худалдан авсан машиныхаа давуу талыг сурталчилсан нь олон хүний эгдүүг хүргэж орхиж. “Эдээрээ гайхуулсан” гэх шүүмжлэлээс эхлээд “Бенз Эрдэнэчимэг”, “Эрдэнэчимэг стайл” гэх нэршил ч гарч ирэв. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр нөхөд нь хэрэгт татагдаж “Талх Ганхуяг, Мах Энхтүвшин, Такси Магнай, Бонд Алтанхуяг, Бенз Эрдэнэчимэг” гэж “халуурав”. Зарим нэг нь өөрсдийнхөө унаатай харьцуулан ёгөөдсөн нь бусдыгаа ч хөгжөөгөөд авлаа.

Үдээс хойш УИХ-аар хэлэлцэгдэж буй Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буюу “оюутны 70 мянган төгрөг”-ний хувь заяаг хэрхэх тухай хуралдааны сураг ажгийг тойрсон жиргээнүүд хүчээ авлаа.

Хуулийн төслийг хэлэлцэж буй гишүүдээс ирж буй “оюутны тэтгэлгийг атестатчилагдсан, тегсегчдийн 50 хувь мэргэжлээрээ ажилладаг сургуульд сурлагын амжилтыг харгалзан олгох санал хураагдах гэж байна” гэх мэтийн жиргээнээс гадна “МСҮТ суралцагчдад олгодог 45 мянган төгрөгийн тэтгэлгийг 70 мянга болгон нэмэгдүүлсэн” “70 мянга амьдралд нь үнэхээр хэрэг болдог оюутнууд байхад хар ус болгочиход хэсэг ч бий. Гол нь нүдээ л олоосой. Амьдрал, Сурлагын түвшин” гэж үргэлжлүүлэв.

70 мянгыг эсэргүүцэгчдийн дуу хоолой дэмжигчдийнхээс хол давсан хүчтэй байсан бөгөөд энэ тухай бичсэн цахим сайтуудад гарсан бичлэгүүдийг ч холбож дурдсан харагдана.

Егөө ч явж байлаа. “70 мянга бага байна сар бүр 400 мянгыг өгөөд, сургуулийг нь үнэгүй болгоод, сургууль бүрийн дэргэд баар байгуулах санал байна” Үүнээс гадна оюутны тэтгэлгийг дэмжигчид ч мөчөөгөө өгөлгүй “Сайн муу хэлүүлээд байгаа ч оюутны 70 мянга хичнээн айлын нуруу дээрх ачаанаас хөнгөлж байгааг мэддэг ч болоосой” гэх зэргээр жиргэж байлаа. Ийнхүү “бенз”-ны тухай цагаан егөө үргэлжилсэн, 70 мянгийн тухай эсрэг тэсрэг байр суурь ээлжилсэн нэгэн өдөр өнгөрлөө.

Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж