Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

70 мянга эдийн засагт

“Далан мянган” цаасных нь хувь заяаг хэлэлцэж байхад оюутнууд таг чиг. Бодвол завгүй, эсвэл хэн нэгэн оюутны холбооны дарга нь таван цаас өгье гарч жагсая гэж уриалаагүй болоод тэр байх. Угаас далан мянган төгрөг нэг чухал ач холбогдолтой биш ч байж болох, ямартаа ч оюутнууд тоохгүй байна. Харин хэн үүнийг тоож байна вэ гэвэл, далан мянгыг эсэргүүцэгчид. Далан мянгыг өгөхийг эсэргүүцсэн олон нийтийн дуу хоолой бол хүчтэй байна. Арга ч үгүй биз. Жил тутамд дөрвөн том эмнэлэг, хэдэн арван сургууль цэцэрлэг барих төсвийн мөнгийг оюутнуудад зориулсан болоод тэр. 108 тэрбумийг л нэг жилд гэхээр хэний ч гол харлана.

Дээд боловсролтой мэргэжилтэн дутчихсан улс биш хэрнээ дээд боловсролыг ийнхүү дэмжиж байгааг нь шүүмжилдэг, мэргэжлээрээ ажилладаггүй төгсөгчид мянга мянгаар асгарч байхад нь улам хөөргөдөх төрийн бодлогыг буруутгах хүн олон байна. Мөн ийнхүү оюутан нэрт болгонд тарааж байхын оронд боловсролын салбарт зориулсан хөрөнгө оруулалт болгож бүтээн байгуулалт хийх нь ач холбогдолтой гэх судалгаа ч бий.

Яах вэ, үнэхээр далан мянган төгрөгөө амьдрал, боловсролдоо зарцуулдаг олон оюутан бий. Бас далан мянган төгрөг орсон эсэх нь огтхон ч хамаагүйгээр амьдрах залуус ч бий. Далан цаасыг шоуны мөнгө гэж ойлгодог бүлгийнхэн ч бий. Гол нь эд бүхэн ялгаагүйгээр төсвийн мөнгийг хамж байгаад л гол учир байна.

Банкны ажилтнуудын ажиглалтаар далан мянган төгрөг өгч эхэлснээс хойш хувийн сургуулийн оюутнуудын дүн жигд өндөр үнэлгээтэй гарах болсон бөгөөд далан мянган төгрөг дээрээ байнгын нэмэгдэл мөнгө бодуулж авдаг гэнэ. Мөн улсын хэдэн сургуулийн оюутнуудын хувьд “дүнгийн асуудал дээр ийнхүү огцом ахиц гаргаж чадаагүй нь чанарт хамаагүй, хүссэн зоргоор багштайгаа үнэ наймаалцаж чаддаггүйд байгаа юм” гэж өөрсдийгөө өмөөрч буй нь үнэнд ойрхон аж.

Ямартаа ч өнөөдрийн чуулганы хуралдаанаар бүгдэд биш шаардлагатайд нь өгөх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн бололтой. Сайн сурдаг, муу сурдагаар нь ангилах, төгсөгчдийг ажлын байраар хангагдсан байдлаар нь ангилах, сургууль нь сургалтын орчин бий болгосон эсэхээр нь ялгах зэргээр маргалдсаар удалгүй эцсийн шийдэлд хүрэх биз.

Гэхдээ л далан мянга зарим оюутны амьдралд нэмэр өгч байж болох, асуудлаа томоор нь харвал нийгэм эдийн засагт сөрөг нөлөө авчирч буй гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон мэт. Иймдээ ч улс орныхоо эдийн засаг, ирээдүйг бодвол оюутнуудаас өөрсдөөс нь “бид далан мянгаас татгалзаж байна”  гэх санаачлага гарч яагаад болохгүй гэж. Жилийн өмнө оюутны холбооноос “далан мянга миний амьдралд” гэх бичлэгийн уралдаан зарлаж байж билээ. Тэгвэл одоо “далан мянга эдийн засагт” гэх уралдаан зарлаад үзвэл яах бол.

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж