Д.Мөнхбаяр &#34Дэлхийн цом&#34-ын шигшээд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Д.Мөнхбаяр &#34Дэлхийн цом&#34-ын шигшээд өрсөлдөнө

Германы Мюнхен хотод буудлага спортын Дэлхийн цомын шигшээ тэмцээн эхэллээ. Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү тэмцээнд чансаагаараа дэлхийд эхний 10-т багтдаг шилдгийн шилдэг мэргэн буучид 10 төрөлд цэц мэргээ сорих юм. Уг тэмцээнд манай улсаас тамирчин оролцохгүй. Гэхдээ герман иргэншилтэй монгол буудагч гавьяат тамирчин Д.Мөнхбаяр галын шугамд зогсоно. Түүний хувьд маргааш 25 метрийн спорт гар буу, энэ сарын 10-нд хийн гар бууны төрөлд цэц сорино. Түүний өрсөлдөгч нь олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Хятадын Чэнь, олимп, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Гүржийн Салуквазе, олимпийн болон дэлхийн аварга Украйны Костевич, олимпийн аварга Солонгосын Ким нар байх юм. 28 жилийн турш тасралтгүй буудаж байгаа Д.Мөнхбаяр гавьяатын хувьд олимпийн хошой хүрэл, дэлхийн хошой аварга болж байв. Мөн Азийн аваргаар хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл, Азийн наадмаас мөнгө, Европын аваргаас гурван мөнгө, нэг хүрэл, дэлхийн цомын цувралаас найман алт, хоёр мөнгө, таван хүрэл, Дэлхийн цомын шигшээ тэмцээнээс нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм.

Чөлөөтийнхөн есдүгээр сард ачаалалтай байх нь

ФИЛА-гаас ирэх онд зохион байгуулах тэмцээн уралдааны хуваарийг албан ёсоор баталж, танилцуулсан байна. Хуваарийн дагуу ирэх сарын 1-нд “Mongolian open” тэмцээн манай улсад болох юм. Бас зургадугаар сарын 5-нд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулахаар ФИЛА кальдарьтаа төлөвлөжээ. Үүнээс гадна манай тамирчдын хувьд хамгийн оргил ачаалалтай үе нь есдүгээр сар байх бололтой. Ирэх оны есдүгээр сарын 8-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, зургаан хоног үргэлжилнэ. Тэгвэл үүнээс ердөө долоо хоногийн Солонгосын Инчон хотод Азийн зуны спортын наадам болох юм. Мөн ирэх оны гуравдугаар сарын 15, 16-нд Дэлхийн цомын тэмцээнийг хийхээр төлөвлөжээ. 12 жилийн дараа Монголын эрэгтэй баг Лос-Анжелост өрсөлдөнө. Энэ үеэр Монголын бүсгүйчүүд Японы Токио хотын дэвжээнд гарах юм.

Харин Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 23-27-нд Казахстаны Алматыд болно. Сонирхуулахад, ирэх оны ДАШТ-ийг ФИЛА-гийн Техникийн комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу эрэгтэй чөлөөт бөх 57, 61, 65, 70, 75, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан, 60, 68,72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 кг-ын жингийн ангиллаар явуулж магадгүй аж. Харин олимпийн жингийн тухайд эрэгтэй чөлөөт бөх 57, 65, 75, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан 60, 68, 77, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 48, 53, 58, 63, 69 75 кг ангилалтай болгох санал оруулсан байна. Мөн оноогоор илт давуу ялалт олгох заалтад өөрчлөлт оруулжээ. Урьд нь өрсөлдөгчөөсөө долоон оноо илүү авсан тохиолдолд барилдааныг зогсоож ялагчийг тодруулдаг байсан. Харин үүнийг чөлөөт бөхийн төрөлд 10, сонгомол барилдаанд найман оноо илүү авсан тохиолдолд ялагчийг тодруулдаг байх нь тохиромжтой гэж өөрчилжээ.

Б.МӨНХЗУЛ /”Спортын шуудан” сонин/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж