
Харин мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо “Сирокояма” дэвжээнд бэлтгэл хийжээ. Тус дэвжээний Хомашо, Сэйро нартай нийтдээ 27 удаа барилдахдаа Хакүхо бүгдэд нь давжээ. Тэрээр башё эхлэхийн өмнөх өдөр “Сакаигава” дэвжээнд очиж өнгөрсөн сарын барилдаанд өөрийг нь унагасан сэкивакэ Гоэйдотой барилдахаар төлөвлөж буйгаа ярьсан байна. Түүнээс сэтгүүлч бөхчүүдээс хэнээс нь эмээж буйг асуухад Хакүхо ингэж хариулжээ.
“Одоогоор яг эн зэрэгцэх төвшний бөх алга байна. Гэхдээ өнгөрсөн сард дээд зиндаанд дэвшсэн Эндо гэмтэл авалгүй, цаашид хөдөлмөрлөх юм бол өрсөлдөгч болж магадгүй. Би энэ өдрийг хүлээх болно. Миний хувьд 68 дахь их аварга Асашёорюүгаас л айдаг байлаа. Би түүнтэй барилдахаар дэвжээнд гарахдаа энэ барилдаанаас амьд гарч чадах л байгаа даа гэж өөрөөсөө асуудаг байсан” гэжээ. Их аварга Хакүхо, 70 дахь аварга Харүмафүжи нар маргааш хамтарсан бэлтгэл хийж магадгүй талаар Японы “Майничи” сонинд мэдээлсэн байна.
Б.МӨНХЗУЛ /”Спортын шуудан” сонин/