УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
2012 оны сонгуулийн өмнө дундаж цалинг 1,3 саяд хүргэнэ гэж түүхэн дэмийрлээрээ төрийн албан хаагчдыг алга ташуулсан МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд УИХ-ын чуулганаар энэ сэдвийг хөндөхийг сануулж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавихаар болсон гэдгээ дуулгав. Ингэхдээ “2014 оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь төрийн албан хаагчдын цалин дөнгөж 8-10 хувиар нэмэгдэнэ гэсэн үг” гэдгээр зөвтгөж сууна. Чингис бондын мөнгөөр ч хамаагүй цалинг нэмэх бололцоотой гэх нь холгүй зүйлсийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэт ярьж сууна.
Энэ саналыг саарал ордонд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжив. Харин гадаа нь Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон үүгээр популизм хийгээд эхэлчихлээ. Тэд “Манай улсын эдийн засгийн өсөлт иргэн бүрт хүрч, амьжиргаанд нь дэмжлэг болсонгүй. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж байхад ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулж 200 тэрбум төгрөг тусгасан нь хэтэрхий бага” гэж мэдэгдэв. Тэгвэл төрийнхний голоод, чамлаад байгаа мөнгөөр жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийе. Эдийн засагт дэмжлэг болж, ажлын байр ч нэмэгдэнэ. Төрийн цалинг бага гэж голоод байгаа хүмүүс тэнд ажиллаж болно шүү дээ.
Гучин хувийн нэмэгдлийг нийтээрээ дэмжвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 249600 болж өснө. Нэг зуун 60 мянга гаруй төрийн албан хаагчдын олонхынх нь цалин бараг саяд дөхнө гэсэн үг. Үндсэн нь 500 мянга ч, олон жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, хоол, унааны мөнгө, гадаад дотоод томилолтын зардал гээд тэгж ярих юм бол хувийн хэвшлийнхнээс өндөр цалин авчихдаг юм байна лээ. Үндсэн нь бага болохоос нэмэгдэл, хангамжууд нь хувийн хэвшлийнхнийг дагуулахгүй. Гэтэл хувийн хэвшлийнхэн түүнийг нь олохын төлөө яагаад хуруу хумсаа хуйхлах ёстой юм бэ. Тэр нэмэгдлийг төрөө өврөөсөө гаргаад өгчихдөг гэж бодож байна уу. Үгүй шүү дээ, үүнийг олохын тулд хувийн хэвшлийнхэн махийтлаа зүтгэнэ гэсэн үг.
Мэдээж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт даамжирч, төгрөг цаас болж буй энэ үед цалин нэмэх тухай ярьж болно. Харин яаж вэ гэдэг нь чухал байгаа юм. Нийтээр нь нэмэх үү, чанараар нь нэмэх үү, хүнээ цөөлөх үү, төрөө чадавхжуулах уу гэдгийг бодолцох ёстой. Урьд урьдын явдлуудыг харахад цалин нэмэх сургаар бараа, бүтээгдэхүүний үнэ дахин өсч байснаас худалдан авах чадвар сайжирч байсангүй. Худалдан авалт нэмэгдээгүй нөхцөлд хувийн хэвшлийнхэн ажиллагсдынхаа цалинг нэмэх бодлого баривал хаалгаа барихад л хүрнэ. Энэ нь хувийн хэвлийнхний хойдохын уншсан хэрэг болно гээд хэлчихэд буруудахгүй. Харин ч төрийн албаны нүсэр бүтцийг цомхотголд оруулах замаар цалингаа нэмэгдүүлэх нь хамгийн зөв гарц байж болох юм. Ардчилсан хувьсгалаас хойш геометрийн прогрессоор өссөөр ирсэн энэ данхгар бүтэц улсын төсвийг, эдийн засагт дарамт болж ирснээс биш нэмэр болж байсан удаагүй. Ингээд хэлэхээр 160 мянган хүн интернетээр элдвийн хараалаа урсгаж, эсэн бусын сэтгэгдэл бичих байх. Интернетээр хэрүүл хийх завтайг нь харахаар төрийн албаныхан ажлаа яаж хийгээд байгааг амархан дүгнэчихэж болох. Ажлын бүтээмжийг сайжруулах талаар бодлого огт барьдаггүй, энэ тухай ярихаас үргэлж зугтдаг, эсвэл тогтолцоо руу буруугаа чихдэг байдлыг халахын тулд төрийн албан хаагчдын цомхотголд оруулах ажлыг зоригтойгоор эхлүүлэх хэрэгтэй байна. Монголын эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан байнга л цалинг нэм гэж жагсаал хийж, ажил хаяж, даргаа хүлээн зөвшөөрөхгүй суулт зарлан эрдэнэт хүний амийг эрсдэлд оруулдаг болчихсон гаж сэтгэлгээтэй болчихсон, тэр нь өнөөдөр ч амь бөхтэй байсаар л байна. Тэгвэл хувийн хэвшлийнхэн хэзээ ч цалингаа нэм гэж хошуугаа цорвойлгон тунирхаж байгаагүй юм шүү, өнгөрсөн хугацаанд. Харин ч хамгийн их улстөржилт, хамгийн их хүнд суртал, хов жив хэрүүл уруул хаана байдаг вэ гэвэл, төрийнхөнд, эрүүл мэнд, боловсролын салбарт байдаг.
Дээр нь даргынхаа харах нүд, сонсох чих нь болж хушууныхаа хүчээр цалин авдаг, тушаал нэмдэг Дондогмаанууд төрийн албаны нүх сүв болгонд чихээстэй байгаа. Өдөржин компьютерийн ард хөзөр тоглож, өдрийн найман цагийг аргаа барж өнгөрөөснийхөө төлөө өндөр цалин авдаг “рс”-чид минь битгий давар.
Ийм л хүмүүсээ цөөлж, иргэдийг чирэгдэлгүй болгох асуудлыг ярьж, илүү ихийг бүтээх боломжийг бий болгож байж монголчууд сайхан амьдарна уу гэхээс цалинг нэм, мөнгө байхгүй бол бондын хөрөнгөнөөсөө өг гэх солиорол бидэнд хэрэггүй. Хэтдээ биднийг мөхөл рүү л хөтөлнө. Яах вэ, зүсэм талхаа авах мөнгө өгөх нь өнөөдрийг л аргацаасан явдал. Загас өгснөөс барих аргыг нь зааж өгөх хятад ухаанаар хандвал ер нь яасан юм бэ. Бүхнийг баллаж болох төгс шийдэл рүү явсаар байгаад эрүүл бизнес ч үгүй боллоо. Асар их ашиг хүртдэг хэрнээ байнга ашиггүй ажилладаг гэдэг нефть импортлогчид одоо бүр даварчихааддампуурлаа зарлана гээд явж байна. Тэд дампуурахгүй л, тэгдэггүй юм.
Ядаж гаднаас хэрэгтэйг нь дуураймаар юм биш үү. Дэлхийн хямрал болсон үеүдэд Хятадын эдийн засаг өсөлттэй байсан нууц нь ердөө л энэ биз дээ. Тэр үед тэд хувийн хэвшил рүүгээ хүү багатай зээлийг зутгаж байж иргэдээ ажилтай, орлоготой, төсвөө ашигтай гаргаж байсан. МАН сөрөг хүчин нэрээр янаглан хорлож, түүнийг нь айхдаа дэмжсэн Балганы бодлогоос больвол дээргүй юу. Ийм л санаачлага гаргамаар байна даа, Хоролмаанууд аа?!