Агаарын бохирдол бууруулахаар орон сууцжуулах хөтөлбөр нийслэл Улаанбаатар даяар ид өрнөж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууц барих ажлыг энд тэндгүй эхлүүлжээ. Гэвч шинээр баригдаж буй орон сууцны хорооллуудад сургууль, цэцэрлэг барихаа барилгынхан ч, бариулж байгаа нөхдүүд нь ч хоолтойгоо холиод идчихдэг бололтой. Ашгийн хойноос хэт хөөцөлддөг барилгынхныг цэцэрлэг сургууль барьсангүй гэх хаашаа юм. Харин орон сууцны хороолол босгох зөвшөөрөл олгож байгаа төрийн яам, агентлагийнхан энэ асуудалд анхаарлаа хандуулж болдоггүй л юм байх даа.
Социалист нийгмийн үед хорооллуудыг барихдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний төвийг цогцоор шийдсэний хүчинд нийслэлийн хэдэн хүүхэд сургууль цэцэрлэгтэйгээ л үлдэх шив дээ.
Эндээс харахад Улаанбаатарт хот төлөвлөлтийн бодлого алдагдсаныг эмх замбараагүй баригдаж байгаа хорооллуудаас харж болно. Баригдаж буй барилгууд эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүү хүүхэд багачууд тоглох талбай, өвгөд буурлууд нарлах саравч, бүр цаашлаад олигтойхон автомашины зогсоол шийддэггүй жишиг тогтож эхлэв. Харин ч бүр даварч, хүүхдийн тоглоомын талбайг хүчээр булаагаад барилга барих болсныг юу гэхэв. Хүүхдийн тоглоомын газрыг нурааж оронд нь цэцэрлэг, сургууль барьж байсан жишээ байна уу. Хүүхдийн тоглоомын талбайг буулгаад зочид буудал, бар, караоке, найман нэрийн хүнсний дэлгүүр барьдаг “уламжлал” тогтоод байгаа шүү дээ. Иймэрхүү явган хүн алхчих зайгүй орон сууцны хорооллууд өдрөөс өдөрт “сүндэрлэсээр” байна. Социализмын үеийн буянаар томоохон хорооллууд дунд нэгээс хоёр сургууль, цэцэрлэгтэй өдийг хүрсэн. Гэвч Улаанбаатар хотноо шилжин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн. Мөн Улаанбаатар орон сууцны хорооллууд нэмэгдсэн. Гэтэл сургууль, цэцэрлэг нь баригддаггүй. Нэгэн жишээ энд дурдъя. /Орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, барилга дээр өдөр, шөнөгүй ажиллах залуусын хөдөлмөрийг хүндлээгүйдээ бус хот төлөвлөдөг эрхмүүдиийн ойлгомжгүй ажлын талаар үүнийг жишээ болгов/
Нисэх буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд Орон сууц санжүүжилтийн корпорацийн /ОССК/ захиалгаар “Буянт-Ухаа I” хорооллыг барьж байна. Барилгын ажил санжүүжилтийн улмаас бага зэрэг удаашраад байгааг эс тооцвол “Буянт-Ухаа I” хороолол босоход ойрхон байна. Гэвч энэ хорооолд сургууль, цэцэрлэг баригдсангүй. “Буянт-Ухаа I” хороололд 1575 айлын орон сууцны есөн давхар 25 байр барихаар болсон. 128 хүүхдийн цэцэрлэг барина гэсэн ч барилгын ажил эхлээгүй байгаа.
Тэгвэл Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо буюу “Буянт-Ухаа I” хороолол баригдаж буй газар 25 мянган иргэн амьдардаг. 16 дугаар хороо хоёр сургууль, хоёр цэцэрлэгтэй. Сургууль нь гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэг хүүхдээ багтаахгүй байгаа энэ хороонд дахин 1575 айлын хүүхэд нэмэгдэх нь. Харин социализмын үеийн жишгээр бол 16 дугаар хооронд “Буянт-Ухаа I” хорооллыг барьсантай нь холбогдуулан хоёр цэцэрлэг, хоёр сургуулийг нэмж барихаар байжээ. Бид өнгөрсөн үеэсээ суралцаж, бэлэн туршлагыг ашиглах ёстой. Бүгдийг хөрөнгө, мөнгөөр үнэлж болохгүй. “Санхүүжилт байхгүй. Хөрөнгө мөнгөгүйн улмаас дараа жил болтол хойшлууллаа” гэдэг манай улсын хувьд хүндэтгэх шалтгаан биш болсон шүү дээ. Мөн бидний нэрлэж заншсан Зуун айлаас 32-ын тойрог руу явах замд /Баянзүрх дүүргийн 9-12 дугаар хороо/ баригдаж буй “Ногоон нуур” хорооллыг дурдаж болно. Бороо, багахан цасны дараа намгархаг хөрс нь шавхайрдаг энэ орчмын гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулахаар болсон. “Намгийг хатаах орчин технологийн дагуу баригдах учир оршин суугчид санаа зовох зүйлгүй” гэсэн хариултыг өнгөрсөн наймдугаар сарын 22-нд УИХ-ын З.Энхболдод барьж буй компанийнхан тайлбарлаж байсан. Баянзүрх дүүргийн 9-12 дугаар хороонд баригдаж буй энэ барилгууд нийслэлийн орон сууцны долдугаар хорооллын эхлэл болох учиртай. Долдугаар хороолол 46 мянган хүн оршин суух боломжтой 10 мянган айлын орон сууц баригдана. Барилгын ажил эхэлсэн. Одоо зуны турш баригдсан барилгуудын дотор заслын ажилд шилжсэн. Гэсэн ч өнөөх л эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн сураг энэ хороололд алга.
Уншигч та ч энд, тэндгүй шинээр ашиглалтад орсон барилгын зарыг олонтаа харсан байх. Сүржин, чамин нэртэй тэдгээр хорооллуудад хэзээ ч цэцэрлэг, сургууль байдаггүй.
Хамгийн ойрын жишээ дурдъя. Яармагийн гүүрэн давангуут байрлах “Вива Сити” хотхон 2013 оны Улаанбаатар хотын шилдэг барилга байгууламж өргөмжлөл хүртсэн. Гэвч “Вива Сити” хороололд ч бас л сургууль, цэцэрлэг байхгүй. Ийм л төрхтэйгөөр Улаанбаатарт орон сууцжуулах бодлого ид өрнөж байна даа.