УИХ-ын чуулганы хуралдаанаар 2014 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалтыг бууруулах, он дамжсан, төсөв нь нэмэгдсэн барилгын ажлуудыг танах зорилгоор хариуцлагатай төсвийг батлах бодлогыг АН-ын зүгээс баримталж байгаа юм байна. Тиймээс 2014 оны Төсөвт хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн, зайлшгүй ашиглалтад орох ёстой барилгын нэг болох Яармагийн дэнжид баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцан, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “УИХ 2014 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан олон жил он дамжин хэрэгжиж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа нь удааширсан барилга байгууламжуудыг төсвөөс хасч, царцаахыг АН дэмжиж, иргэндээ ээлтэй хариуцлагатай төсөвтэй болохын төлөө ажиллаж байна” гэлээ.
2014 оны төсөвт 731 объектод хөрөнгө оруулах санал оруулснаас 289 барилгын төсөвт өртөгийг эргэн харах шаардлагатай гэж УИХ дахь АН бүлэг үзэж буй. Мөн УИХ-ын дарга З.Энхболд дээрх төслүүдийг эргэж харах шаардлагатай гэж Аудитын газар болон АТГ-т хандаж байсан. Энэ дагуу АТГ нэр бүхий 110 төсөлд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран мэдээлэл солилцож, шалгахад 110 төслөөс 2012-2013 онд зөвхөн зургаан барилгыг л улсын комисс хүлээн авсан байна. Харин бусад нь дуусаагүй буюу нэмэлт санхжүүжилт шаардаж байгаа юм. Тухайлбал анхны төсөвт өртөгөө бүрэн авсан хэрнээ 2014 оны төсөвт нэмж хөрөнгө тусгуулсан 16, төсөвт өртгийнхөө 90-ээс дээш хувийн санхүүжилтийг авсан атлаа ирэх оны төсөвт нэмж хөрөнгө тусгуулахаар санал өгсөн 15, 2014 оны төсөвт хөрөнгө тусгуулахаар илрүүлсэн санал нь анхны төсөвт өртгийн дүнгээс хоёр дахин ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн 29 төсөл байгааг АТГ тогтоожээ.
Тухайлбал, Б.Ганзориг захиралтай “Нийслэл Өргөө” ХХК Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилга, Үндэсний архивын ерөнхий газрын барилгыг барих тендерт 2010 онд шалгарч, төсөвт өртгийн 89-93 хувийг санхүүжүүлтээр авчээ. Гэвч дээрх барилгууд нь одоо болтол дуусаагүй, төсвийн анхны дүнг 38-69 хувиар өсгөсөн байна. Харин энэ талаар барилгын гүйцэтгэгч компаниуд барилгын материалын үнэ өссөн учраас төсөвт өртөг нэмэгдэх шалтгаан болсон гэлээ. “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганзориг “300 ортой төрөх эмнэлгийн анхны төсөвт өртөг нь 18 тэрбум төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар нэг тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. Гүйцэтгэлийн хувьд 17 тэрбум төгрөгөөр 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин одоо нэмж 14,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсч байгаа. Төсөвт өртөг нэмэгдэх болсон шалтгаан нь барилгын материалын үнийн өсөлт байсан. Тухайлбал, барилгын арматур, хайрга, модон материалын үнэ хэд дахин нэмэгдсэн. Жишээлбэл, хайрга нэг метр куб 7500 төгрөг байсан бол өнөөдөр 35 мянган төгрөг болсон. Модон материалыг нийслэлд оруулж ирэхийг хориглосон, лицензтэй орж ирж байгаа учраас үнэ нэмэгдэж байгаа. Хэрэв 14,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ жил олговол ирэх онд барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулна” гэлээ.
2014 оны төсөвт суулгасан 731 объектод хөрөнгө оруулах санал оруулснаас 289 барилгын төсөвт өртөгийг эргэн харах шаардлагатай байгаа гэж хэлэх хүмүүс олон бий. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Г.Байгальмаа “Барилга дээр үүсээд байгаа энэ нөхцөл байдал 2012, 2013 оноос эхтэй асуудал биш. 2007 оноос эхэлсэн асуудал. Үүний шалтгаан нь улстөрийн лобби, төсвөө урьдчилан тухайн оны төсөвт суулгах зарчим үйлчилж ирсэн. Өнгөрсөн он жилүүдэд барилгын төсөвт өртөг өсөх асуудал одоогийнх шиг яригдаж байгаагүй. Тухайн үед улстөрчид, бизнес эрхлэгчид тухайн үеийн үнийн зөрүүг төсөвт суулгаж чаддаг байсан. Үүнийг бид эцэслэж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэж байгаа барилгуудаа яах ёстой вэ гэдгийг шийдэх ёстой. Тиймээс баригдсан барилга байгууламжийг хийж дуусгах, цаашид дутуу баригдсан барилга байгууламжийн асуудал үүсгэхгүй байх боломжтой. Боловсрол, эрүүл мэндийн яамны ажлууд дутуу баригдсан байдал ажиглагдаж байна. Тиймээс тендерийн хуульд өөрчлөлт оруулж, эрүүл мэнд, боловсролын салбарт шинээр баригдах барилгуудын асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлыг дуусгах шаардлагатай байгаа” гэлээ.
Одоогоор дутуу баригдсан төсөвт өртөг нэмэгдүүлэх шаардлагатай эрүүл мэндийн салбарт 10 барилга, Хууль зүйн яам нэг, Сангийн яам нэг, Хөдөө аж ахуйн чиглэлийн нэг барилга тус тус байгаа юм байна.