-Эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийж, арга хэмжээ авна гэж байсан. Энэ чиглэлээр ямар ажил хийсэн бэ?
-Эрүүл мэндийн сайд Удвал: Эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт шалгалт явуулж, үнэлгээ гаргасан. 200 гаруй эм ханган нийлүүлэх байгууллагаас 20 гаруй байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан. Эмийн хэрэглээ, эмнэлгийн хэрэгслийн худалдаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал учраас цаашдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд анхаарна. Мөн Эмийн холбоо, Эм зүйчдийн холбоотой хамтран эм ханган нийлүүлэх байгууллагуудыг эрэмбэлэхээр ярьж байна. Мөн эмийн сан тоогоо алдсан, эм сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс жороо уншиж чадахгүй хэмжээнд хүрлээ. Тиймээс нэн шаардлагатай эмийн жагсаалтыг мэргэжлийн салбар зөвлөлөөр боловсруулж нэгдсэн жорын системд оруулахаар ажиллаж байна.
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргыг хэзээ томилох вэ?
-Төрийн албаны зөвлөлтэй энэ асуудлыг ярьж байна. Есдүгээр сарын 27-ноос хойш Эрүүл мэндийн яамнаас Төрийн албаны салбар зөвлөл байгуулж, баталж өгөх талаар олон удаа хандаж байсан. Хамгийн сүүлп энэ сарын 6-ны өдөр салбар зөвлөлөө нэн даруй байгуулж өгөхийг дахин хүслээ. Үүний дараа ГССҮТ-ийн даргыг томилно.
-Оюутнуудын тэтгэлгийн хэмжээг Засгийн газар тогтоодог болохоор хуулийн төсөл яригдаж байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Хавтгайрсан тэтгэлгээ болих хэрэгтэй гэдэг санал иргэдээс, оюутнуудаас ирж байна. Хуучин идэвхи зүтгэлтэй, сурлага сайтай оюутнуудад тэтгэлэг өгдөг байсан. Одооноос муу, сайн ямар ч сурсан ялгаагүй тэтгэлэг авдаг байдлыг зогсооё гэж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь гэчихээр автоматаар нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийг өөрчилнө. Тодорхой шалгууртай болгох талаар ярьж байна.
-2014 төсвийн төслийг хэлэлцэх үеэр эмнэлэг, сургуулийн барилгыг хаслаа гэдэг шүүмжлэлийг гишүүд хэлж байгаа?
-Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Эрүүл мэндийн салбарт нийт 47 барилга баригдаж байгаагаас найм нь ашиглалтад орсон, 2013 ондоо 12 барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Он дамжин баригдаж байгаа төрөх эмнэлэг, Грентлогийн төв зэрэг олон барилга бий. Түлэнхийн төвийн барилгын зураг төсөл 2012 онд гарч, найман тэрбум төгрөг зарцуулах тооцоо гараад тендер зарласан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Төсвийн хөрөнгөөр барилгын компаниудын бизнесийг цэцэглүүлэхгүй. Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгыг хасчихлаа гээд бизнес хийхийн төлөө Засгийн газрыг шүүмжлээд, шахаад байдаг болчихлоо. ТЕГ-ын дутуу баригдсан байшинд дахин олон тэрбум төгрөг төсөвлөж чадахгүй. Анхнаасаа байршил нь буруу, хугацаандаа ороогүй учраас дуудлага худалдаагаар худалдана.
-Долларын ханшийг хэтэрхий доогуур тогтоосон юм биш үү?
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Доллларын ханшийг УИХ дээр ярина. Цаашдаа долларын ханш тогтворжих төлөвтэй байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам энэ асуудлыг судалж байгаа.
-Монгол Улс нарийн царигтай төмөр замтай болох гээд байна уу, өргөн царигтай төмөр замтай болох гээд байна уу. Үүнд тодорхой хариулт өгөөч?
-Засгийн газар УИХ-д шийдүүлнэ. Одоо бол эцэслэн шийдээгүй далангаа л барьж байгаа шүү дээ. Эдийн засаг талаасаа нарийн царигтай байх нь зөв гэж үзэж байгаа. Ажлын хэсэг гараад эцэслэн шийднэ.
-Цалин тэтгэврийг 30-40 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Үйлдвэрчний эвлэл, МАН-ын бүлгээс тавьж байгаа. Ийм боломж бий юу?
-2014 оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ юмны үнийг хөөрөгдөж, хэнд хэдэн хувиар нэмлээ гэж зарлахгүй. Тодорхой шалгууртай нэмэгдүүлнэ. МАН-ын дарга М.Энхболдтой сая уулзлаа. МАН-аас цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавина гэж байна. Ийм шаардлага тавьж болно. Гол нь үнэ өсгөх үү, Долоон буудлын Должин эмээгийн орлогыг нэмэгдүүлэх үү гэдэг нь чухал.
-Өчигдөр Зам тээврийн сайд А.Гансүх Төсвийн байнгын хорооны хуралдаанд яамныхаа төсвийг тусад нь батлуулах талаар ярьж, маргаан өрнөсөн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газар төсвөө төлөвлөж батлуулдаг болохоос нэг яам тусдаа төсөв батлуулна гэж байхгүй. А.Гансүх сайдад хуулийнх нь дагуу хариуцлага тооц гэдэг үүрэг өгсөн байгаа. Сайдад хуулиараа ямар хариуцлага хүлээлгэдэг, тэр журмаараа явна.