А.Мөрөн Тайландын багт шалгуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

А.Мөрөн Тайландын багт шалгуулахаар болжээ

Алтанхуягийн Мөрөн Монголын хөлбөмбөгчдийн түүхэнд шинэ хаалга нээлээ. Өдгөө 24 настай энэ залуу арваннэгдүгээр сарын 10-нд Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн баг болох “Rangsit FC”-д шалгуулахаар мордох гэж байна. А.Мөрөн Монголын үндэсний шигшээ багт тоглодог бөгөөд одоогоор АНУ-д суралцаж байгаа юм.

“Rangsit FC”-ын ерөнхий дасгалжуулагч, Япон улсын иргэн Ёошиаки Маруяма хэлэхдээ "Би А.Мөрөнгийн тоглолтын бичлэгийг үзсэн. Тэр сайн техниктэй, бөмбөг залах чадвартай байсан. Би түүнийг сайн тоглогч гэж бодож байгаа учраас тоглолтыг  нь хурдхан хармаар байна. Хэрэв Б.Мөрөн өөрийн чадвараа харуулж, сайн тоглож чадвал бид гэрээ байгуулахад бэлэн” гэжээ.

Японы бизнесмэн, Хүүхдийн хөлбөмбөгийн клубын ерөнхийлөгч Такаши Моримото гэгч эрхэм Моримото А.Мөрөнд ийн Тайландад тоглох боломжийг нээж өгсөн байна. Такаши Моримото нь жилийн турш А.Мөрөнгийн тоглолтын бичлэгийг хэд хэдэн хөлбөмбөгийн клубууд руу илгээсэн бөгөөд эцэст нь “Rangsit FC” хариу өгч, А.Мөрөнд Тайланд руу очих боломжтой болжээ. Такаши Моримото А.Мөрөнгийн талаар хэлэхдээ, "Тэр маш авьяаслаг тоглогч. Түүнийг би мэргэжлийн тоглогч болж, мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Монголын хөлбөмбөгийн спортод тохиож буй энэхүү үйл явдлыг хүндэтгэж, Тайландын багт шалгуулах гэж буй А.Мөрөнд сэтгэл санааны болоод санхүүгийн дэмжлэг үзүүлэн, мэргэжлийн хөлбөмбөгчин болоход нь туслахыг Монголын спортын сонирхогчид хэдийнэ цахим ертөнцөөр уриалж эхэлсэн байна.

А.Мөрөн арваннэгдүгээр сарын 10-нд Тайданд улсад очиж, гурван долоо хоногийн хугацаатай шалгаруулалтад хамрагдах ажээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж