Төрөлжсөн номын булантай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Төрөлжсөн номын булантай боллоо

НҮБ-ын төрөлжсөн “номын булан”-г  Монгол Улсын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын  сан, МУИС, ХААИС-ийн  номын санд  нээх үйл ажиллагааг НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооноос санаачлан Нацагдоржийн нэрэмжит номын санд зохион явуулав. Номын буланд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэвлэн гаргасан засаглал, хүний эрх, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол бусад олон чиглэлийн 10 гаруй сая төгрөгийн  өртөг бүхий нийт 403 төрлийн 1400 гаруй ном, хэвлэлийг хүлээлгэн  өгч байршуулсан юм. Энэхүү номын буланг нийтийн номын сан, их дээд сургуулиудад нээснээр  нийт уншигчид, ялангуяа оюутан залуус, сурагчдыг НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын тухай  мэдээ, мэдээллээр хангах боломжтой. Түүнчлэн  хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслийн чиглэлээр  дэлгэрэнгүй мэдээлэл, судалгааны тайлан, бусад чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл авахад ихээхэн түлхэц болох юм. НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аржентина Матавел, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны зохицуулагч Х.Батсайхан нар нээж үг хэлж, баяр хүргэлээ. Нээлтийн үйл ажиллагаанд  НҮБ-ын гишүүн байгууллагуудын суурин төлөөлөгчид, төсөл хөтөлбөрийн ажилтнууд, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд оролцов. Цаашид “НҮБ-ын номын булан”-г НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооноос байнга баяжуулан  ажиллах тул тус номын сангуудаар үйлчлүүлж нийт уншигчид, оюутан залуучууд НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын гаргасан ном хэвлэлийг цаг алдалгүй хүлээн авч мэдлэг оюунаа “цэнэглэх” сайхан боломж бүрдэж байна. Дашрамд дуулгахад, ирэх наймдугаар сарын 12-ноос 2011 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл НҮБ-аас Дэлхийн Залуучуудын жил болгон зарлаж байгаа юм. Энэхүү жилийн уриа нь “Бидний жил, Бидний дуу хоолой” нэртэй аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж