Хичээлийн байргүй сургуулийн оюутанд тэтгэлэг олдохгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Хичээлийн байргүй сургуулийн оюутанд тэтгэлэг олдохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн дунд ширүүхэн маргаан өрнөлөө.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд их, дээд сургуульд суралцаж байгаа оюутанд ирэх жилд сурлагын чанараас нь үл хамаарч нийтэд нь тэтгэлэг олгох тухай тусгасан байсан юм. Ингэхдээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай уялдуулж тэтгэлэг олгодог заалтыг өөрчлөхөөр оруулж ирсэн байв. Энэ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхэлж 194400 төгрөг болгосонтой холбоотой. Учир нь одоо мөрдөж байгаа Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулиар оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ нэмэгдэх ёстой юм. Гэвч 160 мянган оюутанд тус бүр 10 сараар бодож нэг сард нь 90 мянга гаруй төгрөгийн тэтгэлэг олгох боломж хомс тул Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай уях тухай заалтыг өөрчлөхөөр Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан байв.
Уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн нар сурлагынх нь чанарыг харгалзан оюутанд тэтгэлэг олгох ёстой гэж үзсэн төдийгүй тухайн сургуулийг төгссөн оюутнуудын 50 хувь нь ажилтай болсон нөхцөлд дараагийн суралцагчдад нь тэтгэлэг олгодог байхаар хуульчилж өгөх нь  их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд нааштай үр дүн дагуулах төдийгүй суралцаж байгаа оюутандаа ч хэрэгтэй. Ийм шаардлага тавьж өгөхгүй бол их, дээд сургуулийн сургалтын чанар дээшлэхгүй, эцэг, эхчүүдийн хөлс хүчээ дуслуулж олсон мөнгийг тухайн сургуулиуд өөрсдийнхөө амьдрах хэрэгсэл болгон ашигладаг тогтолцоо өөрчлөгдөхгүй байгаа тул чанартай боловсролын тогтолцоо руу шилжих алхмыг УИХ-иас шалгуур тавьж хангаж өгөх ёстой гэж үзэн, дээрх саналыг гаргасан байв.

Гэвч хэлэлцүүлгийн шатанд нэр бүхий гишүүдийн гаргасан санал УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс шүүмжлэл хүлээв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Улсын хэмжээнд 90 гаруй их, дээд сургууль бий. Тэдгээрийг төгссөн оюутнуудын 50 хувийг жил тутамд ажлын байраар хангах хөдөлмөрийн зах зээл Монголд бий юу. Дээр нь сургууль нь муу ч, өөрийн хичээл зүтгэлээр онц сураад байгаа оюутанд тэтгэлэг олдохгүй байх агуулга энэхүү санал дотор багтаад байна. Үүнийг яаж зохицуулах юм. Өөр аргаар сургалтын чанарыг сайжруулж болохгүй юм уу” гэж санал гаргасан гишүүдээс лавлав.

Үүнд УИХ-ын гишүүн С.Баярцогт “Тодорхой шаардлага тавьж байж, чанартай их, дээд сургууль нь үлддэг зах зээлийн зарчим руу хөтлөхгүй бол манайд их, дээд сургуулийн тогтолцоо алдагдчихаад байна. Өөрийн гэсэн сургуулийн байргүй, подвальд шахам хичээл зааж байгаа сургуулиуд бий. Малчид өнөөдөр малынхаа ашиг шимээс олсон мөнгөө бүгдийг хүүхдийнхээ боловсролд зарцуулж байна. Гэтэл хүүхэд нь сураад төгссөн хойноо ажилд ордоггүй, их, дээд сургуулиуд нь соёлтой хадгаламж зээлийн хоршоо болон хувирч сургалтын төлбөрөөр дамжуулж мөнгөтэй болдог аргатай болсон учраас төгсөгчдийнхөө 50 хувийг ажлын байраар хангасан сургуульд тэтгэлэг олгодог байх гэсэн шалгуур тавьсан.
Дэлхийн улс орнуудын дээд боловсролын тогтолцоо ч төгсөгчдөөс хэдэн хувь нь ажлын байраар хангагдсан бэ гэдгээс шалтгаалж чанарыг нь хэмждэг. Тийм учраас үүн рүү зорих ёстой. Тэр тусмаа муу сурдаг оюутанд тэтгэлэг олгох нь зохисгүй, үүнийг би өмнөх Засгийн газрын үед Сангийн сайд байхдаа ч хэлдэг байсан” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Та нар битгий худлаа ярь, Ерөнхийлөгчөөс анх энэ хуулийн төслийг санаачлан УИХ-д оруулж ирж байхад муу сурсан ч тэтгэлэг авна гээд цээжээрээ хамгаалаад сууж байсан. Ерөнхийлөгч ирэх 2016 онд дахин нэр дэвшихгүй учраас одоо та нар тэтгэлгийг оюутнуудад өгөхгүй байх талаас бодлого барьж байна. Нэртэйгээр нь сонгуулийнхаа амлалтаас татгалзаж байна гэдгээ хэл” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Шинэчлэл хийх ёстой, онц сурсан хүүхэд сард 200 мянган төгрөг авсан ч болно, муу сурдагт өгөхгүй байх ёстой. Та нарын тарьсан балгийг засч янзлахын төлөө бид ажиллаж байна. Ажилд битгий садаа болоод бай, Ерөнхийлөгчийн сонгуулийн амлалтаас бидний тавьсан санал зөрчилдөөгүй” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат “Улс орноо бодох цаг болсон. УИХ-ын гишүүн Д.Арвин сая надад хэллээ, 2000 оноос хойш УИХ-ын 76 гишүүнээс 50 хувь нь их, дээд сургуультай болсон гэж байна. Түүнээсээ ашиг хүртээд сууж байдаг, чанартай боловсрол олгохгүй хэрнээ. Хэдий хүртэл ийм замаар явах юм. Шударга л байцгаая, зөвхөн нийгмийн ажилтнаар жишээ авахад жилд хэдэн зуугаараа бэлтгэгдэж гарч байна. Төгсөөд ажил олддоггүй, сүүлдээ дэлгүүрийн худалдагч болж байна. Ингэж хүний хүүхдийн мөнгөөр их, дээд сургуулиуд тоглож болохгүй” гэв.

Гэвч УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүдээс  “Хүүхдүүдээ гадаадад сургадаг та нар Монголын их, дээд сургууль ямар бэрхшээлийг туулж өнөөдрийн зэрэгт хүрснийг ойлгохгүй” гэх үгийг хаяглаж, зарим нэг нь бүр Д.Эрдэнэбатаа чи хувийн сургуультай байж ийм үг ярьж болохгүй гэж хэлэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Д.Эрдэнэбатад хувийн сургууль байхгүй, буруу ойлгожээ” гэх хариуг ч өглөө.

Эцэст нь УИХ-ын дарга З.Энхболд “Хувийн сургуультай гишүүд энэ удаагийн санал хураалтад оролцох ёсгүй. Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар энэ нь хориотой гэдгийг анхааруулаад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, С.Баярцогт нарын гаргасан горимын саналаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээр санал хураалгахад 50.2 хувь нь дэмжсэнээр маргаан дагуулсан асуудалд цэг тавьсан юм.

Эл санал дэмжигдсэнээр өөрсдийн гэсэн байргүй, спорт заал, номын сан зэрэг наад захын стандарт хангахгүй байгаа их, дээд сургууль, мөн нийт багш нарынх нь 80-иас дээш хувь нь үндсэн биш сургуулийн оюутанд тэтгэлэг олдохгүй байх шалгуур үйлчлэх болж байна. Нөгөө талаас дунд, муу сурдаг оюутанд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохгүй болох нь. Харин гишүүдийн дунд нийт төгсөгчдийнх нь 50 хувь ажлын байраар хангагдсан нөхцөлд тухайн сургуулийн оюутанд тэтгэлэг олгох тухай шалгуурыг хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд зөөлрүүлэхээр боллоо.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна, үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилж, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, анхны хэлэлцүүлгийг дуусгах юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж