Байгаль хамгаалагчид чууллаа

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалагчид чууллаа

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ЧУУЛЛАА
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх” төсөл хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний 2-р чуулганыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Энэхүү чуулганд тусгай хамгаалалттай газрын захиргаадын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, УИХ, байнгын хороо, холбогдох яамд, төрийн албад болон олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус, олон нийтийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 450 гаруй хүн оролцлоо.

          Монгол Улс нь байгалийнхаа унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгаль, түүх, соёлынхоо өвийг хамгаалах зорилгоор онцгой ач холбогдол бүхий газар нутгуудаа төрийн хамгаалалтанд авч ирсэн. Өнөөгийн байдлаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ нь нийт газар нутгийн 17,24 хувь болон өргөжөөд байна. Эдгээр 99 Тусгай хамгаалалттай газрыг хариуцдаг 32 Хамгаалалтын захиргаадад 340 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байна.

         Дэлхийн олон улсын байгууллага, улс орнууд экологийн хямралыг хязгаарлан зогсоох, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчны бохирдол, доройтол, байгалийн нөөцийн хомсдлыг бууруулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, түүнийг хэрэгжүүлэх чухал арга болох ногоон эдийн засгийг хөгжүүлэх түшиц газар нь олон улс, бүс нутгийн болон үндэсний хэмжээний тусгай хамгаалалттай газар нутаг болохыг дэмжиж, түүний сүлжээг өргөжүүлэн, хамгаалалтын менежментийг шинэ түвшинд гаргах талаар арвин баялаг туршлага хуримтлуулаад байна.

        Энэхүү үндэслэлийг түшиглэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан, Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулах бэлтгэлийг хангаж байна. Уг үзэл баримтлалд “Байгалийн унаган төрх, экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, нэн ховор, ховор амьтан, ургамлын тархац нутгийн 70-аас доошгүй хувь, ойн сан, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж, 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэж, хамгаалалтыг сайжруулна” тодорхойлжээ. Энэ бодлогын хүрээнд томоохон зорилтыг тодорхойлон хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн оны сүүлчээр “Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний анхдугаар чуулганыг өнгөрсөн онд зохион байгуулсан бөгөөд гарсан зөвлөмжийг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлсэн.

       Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, үндэсний хэмжээнд хэлэлцүүлгийг хийж, уг төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэлийг үндсэнд нь хангаад байгаа бөгөөд уг хуулийн төсөлд тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэхэд байгаль хамгаалагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцүүлэхээр энэ удаагийн чуулганд оролцогчдын зөвлөмж чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: http://mne.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж