Бизнес эрхлэгчид анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчид анхаарууллаа

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ДУТМАГ БАЙГААГ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД АНХААРУУЛЛАА

/2013.11.06/ Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөлийн (ХХДҮЗ) санаачлагаар Монголын хувийн хэвшлийг дэмжигч байгууллагууд, бизнес эрхлэгчид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дараагийн төвшинд хүргэх зорилготой “Хувийн Хэвшлийн Хөгжил” сэдэвтэй хоёрдугаар дугуй ширээний уулзалтыг өнөөдөр өрнүүллээ.

Уулзалтаар хувийн хэвшлийн идэвхи бүхий тэргүүлэх гишүүд болон дэмжигч байгууллагууд Засгийн Газарт хүргүүлж байсан өмнөх санал зөвлөмжүүдийн үр дүнг авч хэлэлцсэн бөгөөд хувийн хэвшлийн санал санаачлагыг хэрэгжүүлэхэд Засгийн Газар төдийлэн анхаарахгүй байгаа гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. 

Тиймээс хувийн хэвшлийн зөвлөлүүд болон холбоодуудын санаачлагаар тэдгээр санал зөвлөмжүүдийг албан  ёсоор нэгтгэж, нийт ажиллах хүчний 70 гаруй хувийг бүрдүүлж буй хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд төрийн эрх баригчдыг бодитой алхамуудыг хийж, хамтран ажиллахыг шаардаж байна. Ингэхдээ Хувийн хэвшил хөгжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх үүднээс Засгийн Газар-Хувийн хэшлийн зөвлөлдөх хороог ХХДҮЗ-ийн тэргүүлэх оролцоотойгоор яаралтай байгуулах тал дээр хувийн хэвшлийн төлөөллүүд санал нэгдэж байгаа юм.

Түүнчлэн Хувийн Хэвшлийн зүгээс төр засгийн эрх баригчдад мэдээлэл, судалгаанд үндэслэсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын зөвлөмжүүдийг боловсруулахад туслах үүрэг бүхий хараат бус “Үндэсний Стратегийн Хүрээлэн”-г хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулах санаачлагыг дэвшүүлж байгаа юм.

Энэхүү хувийн хэвшлийнхний хоёр дахь удаагийн дугуй ширээний хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг энэ Баасан гарагт Засгийн Газарт өргөн барих юм.

Нэмэлт мэдээллийг Б.Сайнбаяр, 89112028 эсвэл О.Гэрэлтуяатай 88779173  утсаар холбогдон авна уу.




Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөлийн Тухай


Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл (ХХДҮЗ) нь Монголын хувийн хэвшилд манлайлагч бизнес эрхлэгчид, гүйцэтгэх захирлуудын байгуулсан эдийн засгийн хөгжлийн төлөөх төрийн бус  байгууллага юм.

Зөвлөл нь Монголын хувийн хэвшлийнхний санал санаачлага, дуу хоолойг нэгтгэж төрийн бодлого боловсруулагчид болох УИХ, Засгийн газар нөгөө талаас бизнес эрхлэгчдийн зөвлөл, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач нартай албан ёсны, нээлттэй хамтын ажилллагааг бэхжүүлж улмаар эдийн засаг, хувийн хэвшлийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг боловсруулж, хэрэгжилжүүлэхэд хамтран ажиллах зорилготой.

Түүнчлэн ХХДҮЗ нь төрөөс хувийн хэвшлийг дэмжихэд баримтлах бодлого болон бизнес, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлэлээр Засгийн газартай урт хугацаанд хамтран ажиллаж, нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах зорилгоор “Үндэсний Стратегийн Хүрээлэн”-г байгуулан ажиллаж байна.

Дэмжигч байгууллагууд:

Монголын Бизнесийн Зөвлөл

Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клуб

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж