Металлургийн цогцолбор байгуулах ажил эрчимтэй байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Металлургийн цогцолбор байгуулах ажил эрчимтэй байна гэв

Дархан, Сэлэнгийн бүс нутгаар Металлургийн цогцолбор байгуулах асуудлыг сүүлийн жилүүдэд ярих болсон. Алт, зэс, хар төмөрлөгийн салбарын үйлдвэрлэлийг “хөдөлгөөнд оруулах” уг цогцболборыг байгуулахад үй олон бэлтгэл ажлыг хийх шаардлагатай. Тэгвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бодлого боловсруулагчид, туслан гүйцэтгэгч компаниуд гээд тал бүрийнхнийг цуглуулж, энэ асуудлыг “базаж” ярихаар болсон байна. Тодруулбал, арван нэгдүгээр сарын 8-нд “Металс Монголиа-2013” чуулга уулзалтаар тодорхой биш байгаа ч цаашдаа эдийн засгийн өсөлтийг хангаж, иргэдийн амьдралд нөлөөлөх боломжтой асуудлыг ил болгон ярилцах юм байна. Түүнчлэн УИХ-аар батлуулахаар боловсруулж буй “Монгол алт”, “Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөрүүлийн концепцийг чуулганы үеэр танилцуулахаар болжээ. Энэ нь хөтөлбөрүүдийг нийтэд дэлгэсэн анхны хэлэлцүүлэг бөгөөд чуулганд оролцогсдын саналыг тусгахаараа онцлог. Хоёр жил тутамд болдог ус чуулганд энэ жил 300 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд ийнхүү олны дунд хүлээлттэй байгаа асуудлыг чуулганы зохион байгуулалтад оруулж, ярилцах юм байна.

Энэ талаар “Гложекс холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатараас тодрууллаа.

-“Металс Монголиа-2013” чуулга уулзалтаар олон чухал асуудлыг хэлэлцэнэ гэж сонслоо. Ялангуяа ашигт малтмалын шинэ орд, биетийг илрүүлсэн гэсэн?

-Чуулга уулзалтаар зэс, төмөр, алтны хөтөлбөрүүдээс гадна Цагаан суваргын зэсийн ордын бүтээн байгуулалт эхэлсэн, Эрдэнэтийн ордод шинээр хүдрийн биет илрүүлсэн, зэс, ган хайлуулах үйлдвэрүүд хаана, ямархуу хүчин чадлаар баригдах талаарх мэдээллийг албан ёсоор мэдээллэх юм. Түүнчлэн Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах талаар одооны шинэ мэдээллийг өгөх байх.

-Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн үед их түгшээх боллоо. Гадныханд ямархуу мэссэж өгөх вэ?

–Ер нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиа сайн тайлбарлаж өгнө. Нэг хэсэг хөндийрөөд байгаа хөрөнгө оруулагчдад хууль ийм талаараа хамтран ажиллагч талуудаа үр ашигтай шүү гэдгийг дөхөм ойлгуулах жишээний. Мөн ашигт  малтмалын тусгай зөвшөөрлийг олгож эхлэх үү, үгүй юу гэдгийг хөндөнө. Энэ асуудал их анхаарлыг нь татах байх.

-Металлургийн салбарыг цогцолбор байдлаар хөгжүүлнэ гэж яригдсан. Энэ ажил ямар явцтай байгаа вэ?

-Металлургийн цогцолбор байгуулах том ажлын бэлтгэл их сайн хийгдэж байгаа гэж бодож байна. Тухайлбал,  Сайншандын зэс хайлуулах үйлдвэрт барихад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах саналууд ирсээр байгаа. Мөн Эрдэнэтэд жилд 10 мянган тонн зэс үйлдвэрлэх шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалт бараг дуусч байна. Эрдэнэт өөрөө хүдрийн нөөц илрүүлсэн байна. Энэ нөөц манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх юм гэсэн асуудал гарч ирнэ. Энэ мэт Дархан, Эрдэнэтийн бүс нутгаар цогцолбор байгуулах ажил эрчимтэй байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж