
Цагдаагийн албаны тухай хууль ирэх нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтад зохих шинэчлэл хийгдэнэ. Тэр ч үүднээс шинэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн чиглэл, индексийг өөрчлөх, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах зэрэг хамтран зохион байгуулах олон чухал ажлын өмнө санамж бичгийг байгуулж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал болсныг талууд онцолж байлаа. Санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээнд Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд оролцсоноос гадна Хууль сахиулахын их сургуулийн захирлын зөвлөлийн зарим гишүүн оролцсон.
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт “Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албаны сургалтын асуудлыг тусгайлан зааж, цагдаагийн алба хаагч, ажилтны боловсон хүчнийг Хууль сахиулахын их сургуульд бэлтгэж байхаар заасан бөгөөд энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа нэн чухал юм. Цагдаагийн байгуулагад өндөр ур чадвартай боловсон хүчинг бэлтгэхэд чиглэсэн бидний хамтын ажиллагаа улам бүр өсөн дэвжиж, зорьсон зорилгодоо хүрнэ гэдэгт итгэж байна” гэв. Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис “Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургууль, Удирдлагын сургуулиуд цагдаагийн байгууллагын боловсон хүчнийг бэхжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэчлэлийн Засгийн газраас тавьж буй шаардлага, нийгмийн захиалгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах шаардлага гарсан. Хууль сахиулахын их сургууль сургалтын агуулга, номлолоо өөрчилж, төр засгаас тавьж буй зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө мэдээж багш нараа, чадавхижуулах нь тодорхой. Энэ ч утгаараа Хууль сахиулахын их сургууль нь үеийн үед зөвхөн Цагдаагийн байгууллагын боловсон хүчинг бэлтгэхээс гадна нийгмийн аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын боловсон хүчинг бэхжүүлэх үүрэгтэйгээр ажиллаж ирсэн. Манай их сургуулийн боловсон хүчний чансаа тодорхой хэмжээгээр сайжирсан. Манай сургуульд ажиллаж байсан хүмүүс Цагдаагийн Ерөнхий газрын боловсон хүчнийг бэлтгэдэг алба хаагчид байгаа нь үүний тод жишээ юм” гэлээ.