Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 11, эмэгтэй 4 баг оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьсоноос эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Г.Дэлгэрбаяр ахлагчтай уурхайн В ээлжийн залуус шилдгээр тодорч, шилжин явах цом, алтан медалийн эзэд болсон байна. Харин эрэгтэй сагсан бөмбөгийн мөнгөн медалийг инженер техникийн ажилтнуудын 2-р баг /ИТА-2/, хүрэл медалийг Ханган нийлүүлэлт, худалдан авалтын газрын залуус хүртжээ. Эмэгтэй сагсан бөмбөгийн аваргаар Ж.Ариунсайхан ахлагчтай “Холимог” баг тодорсон бол мөнгөн медалийг Захиргаа хүний нөөцийн газар, хүрэл медалийг Нягтлан бодох бүртгэлийн газрын бүсгүйчүүд тус тус хүртжээ.
Шүүгчдийн саналаар эрэгтэй шилдэг тоглогчоор уурхайн В ээлжийн уулын мастер Ч.Энхбаяр, эмэгтэй шилдэг тоглогчоор ХАББО Эрсдлийн хэсгийн мэргэжилтэн Ж.Ариунсайхан нар тус тус шалгарсан бол эрэгтэй холын зайн шидэлтийн аваргаар Авто замын төслийн ахлах мэргэжилтэн Д.Батцолмон, эмэгтэй холын зайн шидэлтийн аваргаар Захиргаа хүний нөөцийн газрын ажилтан У.Болортуяа нар тодорчээ.
Ширээний теннисний төрлийн эрэгтэйчүүдийн нэгдүгээр байрыг Ханган нийлүүлэлт худалдан авалтын газрын мэргэжилтэн О.Хатанбаатар, хоёрдугаар байрыг Уурхайн В ээлжийн оператор А.Зулбаяр, гуравдугаар байрыг уурхайн В ээлжийн оператор Ц.Ганбаатар нар тус тус эзэлсэн бол эмэгтэйчүүдийн ширээний теннисний эхний байрыг Байгаль орчны хяналтын ажилтан Ц.Бүрэнжаргал, удаах байруудыг Нягтлан бодох бүртгэлийн газрын нягтлан бодогч Д.Энхжаргал, Захиргаа хүний нөөцийн газрын ажилтан У.Болортуяа нар тус тус эзэлж медалийн эзэд болсон байна.