
Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын дээд хэмжээний найм дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо амжилттай зохион байгуулжээ. Зөвлөлдөх уулзалтыг манай талаас Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү,Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай болон БХЯ,ЗХШЖ-ын удирдлагууд, АНУ-ын талаас Батлан хамгаалахын сайдын Ази, Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын орлогч Дерек Митчелл нар тэргүүлсэн байна. Уулзалтын хүрээнд талууд “Батлан хамгаалахын бодлого”, “Батлан хамгаалахын шинэчлэлийн хөтөлбөрийн удирдах зөвлөл” сэдвүүдээр ярилцаж, санал бодлоо солилцов. Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү Афганистанд цэрэг хандивлаж байгаатай холбоотойгоор манайд үзүүлэх тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэх, “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулж явуулахад үзүүлдэг дэмжлэгээ үргэлжлүүлэх, АНУ-ын БХЯ-наас хэрэгжүүлдэг “Батлан хамгаалах байгууллагын шинэчлэлийн санаачлага” хөтөлбөрт манай улсыг хамруулах хүсэлт тавьсаныг АНУ-ын тал нааштай хүлээн авч, шийдвэрлэх талаас нь анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг эцэслэн тохирч, цэргийн мэргэжлийн сургалтыг нэмэгдүүлэх, Таван толгойн сургалтын төвийг бүс нутгийн сургалтын төв болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, агаарын хүчний чадавхийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр болжээ. Дараагийн Зөвлөлдөх уулзалтыг 2011 онд Монгол Улсад зохион байгуулахаар тохиролцсон байна.
Д.Цээнэ