2013 онд хэвлэгдсэн “Монголын уламжлалт анагаах ухааны түүх”-ийн дөрвөн боть ном нь монголчуудын өвөг дээдэс, монголчууд өнгөрсөн түүхийн хугацаанд анагаах урлаг засал, эрүүл амьдрах ухааны талаар асар их зүйлийг бүтээснийг судлаачийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр нээн илрүүлж, олон талын нотолгоо, баримтанд түшиглэн бичсэн бүтээл бөгөөд үүгээрээ Монголын оюуны санг баяжуулахад хувь нэмрээ оруулжээ.
Монголын анагаах ухааны түүхийн бичлэг саяхан болтол 1921 оноос хойш 90 гаруй жилийн түүхийг өгүүлж, түүнээс өмнөх анагаах ухааны түүхийг XVI зууны үеэс Монгол Төвөдөөс нэвтэрсэн гэх буюу Чингисийн үе болон Юань гүрний үед өөрийн онцлогтой анагаах ухаан бий болсон талаар ерөнхий төсөөлөл төдий судалгааны цөөн өгүүллээр хязгаарлагдаж байсан аж. Харин судлаач Ш.Болд судалгааны үр дүнд тэргүүн ботидоо, Монголын анагаах ухааны түүхийг 5000 жилийн өмнөөс нааш хөөн гаргах баримт, нотолгоог олж тогтоосон нь хамгийн гол үр дүн юм. Өөрөөр хэлбэл шинэ чулуун зэвсгийн сүүлийн 3000 жилийн үеэс анагаах ухаан хөгжиж эхэлэсэн талаарх баримтуудыг манай анагаах ухаанд анх удаа судалгааны түвшинд гаргаж ирсэн явдал нь үндэсний анагаах ухааны түүхийг одоогоос даруй 5000 гаруй жилийн өмнөх үе рүү хандуулсан байна. “Монголын анагаах ухааны түүх” удаах ботиудад МЭӨ 209- МЭ 1206 он хүртэлх 1000 шахам жилийн түүхийг хамарсан, урьд нь төдийлөн судлагдаж байгаагүй өвөг монголчууд болох Хүннү, Сяньби, Нирун, Төв Азид төр улсаа байгуулан төвхнөж байсан Түрэг, Уйгар болон Хятан улсын үеийн анагаах ухааны мэдлэг, эмч нарын намтар, эмчилгээний аргуудын талаар өргөн хүрээтэй судалгаа хийж нотлох баримтуудыг тогтоожээ. Мөн ХХ зуунаас өмнөх анагаах ухааны сургалтын тогтолцоог тодруулан, Ар, Өвөр Монгол, Буриадад байгуулагдсан 120 гаруй манба дацан, “Ганжуу”, “Данжуур” болон монгол эмч, маарамба нарын төвд хэлээр туурвисан 40 гаруй бүтээлийг задлан шинжилж, эмч, эмчилгээ, заслын аргуудыг өргөн хүрээтэй бичсэн нь судалгаа, сургалт, практик ач холбогдолтой, уламжлалт анагаах ухааны цаашдын хөгжилд томоохон түлхэц болох боломжийг тавьжээ.
Академич Ш.Болд сүүлийн 20 гаруй жилд 458 бүтээл туурвиснаас 47 нь ном сурах бичиг бөгөөд 15 нь англи, япон, монгол-төвөд хэлээр, монгол бичгээр тус тус хэвлэгджээ. Түүний “Монголын анагаах ухааны түүх” дөрвөн боть ном, “History and Development of Traditional Mongolian Medicine” англи хэлээр бичсэн нэг боть бүтээлүүд нь Монголын анагаах ухааны түүхийн шинжлэх ухааны тулгын чулууг тавьсан шинэлэг, оюунлаг бүтээл болсныг гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид онцлон тэмдэглэсэн байна. “Монголын анагаах ухааны түүх” ном нь 2006, 2011, 2013 онд, “History and Development of Traditional Mongolian Medicine” зохиол нь 2002, 2009, 2013 онуудад тус тус хэвлэгдэж нийтийн хүртээл болжээ.
Мөн хэвлэлийн бага хуралд анагаах ухааны академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухар, анагаах ухааны академич, АШУ-ны доктор, профессор Б.Оргил, анагаах ухааны академич, АШУ-ны доктор, профессор Б.Дагданбазар, түүхийн ухааны доктор, профессор Д.Эрдэнэбаатар, анагаах ухааны магистр Ж.Тогтохбаяр нар оролцсон юм.
Академич Ш.Болдын “History and Development of Traditional Mongolian Medicine” англи хэлээр хэвлэгдсэн ном нь Монголын уламжлалт анагаах ухааны 5000 жилийн түүх, онол, эрүүл амьдрах ухааны талаар бүрэн хэмжээгээр орчуулагдсан, манай эрүүл мэндийн салбарын томоохон бүтээл юм. Энэхүү бүтээлийг олны хүртээл болгоход Боловсрол, шинжлэх ухааны яамнаас онцгойлон анхаарч, номны ивээн тэтгэгчээр ажилласан байна. “History and Development of Traditional Mongolian Medicine” номонд уламжлалт, анагаах ухааны гүн ухааны ойлголт, үндсэн онолын үүсэлт, хөгжилт, онцлог, хэрэглээний мөн чанар, зарим сонгодог жорыг чанар, чадал, заалтыг шинжлэн судалж бичжээ. Түүнчлэн Монголын соёлын томоохон өв анагаах урлаг, заслыг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсны зэрэгцээ гадаадын эрдэмтэд, судлаачдад монголчуудын бүтээн бий болгосон анагаах ухаан, эрүүл амьдрах ухааны аргыг сонирхон судлах боломжийг нээн өгсөн бөгөөд үүгээрээ ХХI зууны Монголын анагаах ухааны томоохон ололтуудын нэгэнд зүй ёсоор тооцогдох болсныг дурдлаа.
Академич Ш.Болдын эдгээр бүтээлүүд хэдийгээр анагаахын түүхэн хөгжлийг харуулсан хэдий боловч боть болгондоо анагаах ухааны гүн ухаан, онолын асуудлыг нэгэн бүлэг болгон оруулсан бөгөөд энэ нь цаанаа түүхэн учир холбогдолтой юм. Ингэснээрээ Дорно дахины анагаах ухааны онол, ойлголтонд нэмэлт хийсэн монгол сэтгэгчдийн түүхэн хувь нэмрийг онцгойлон гаргахад ач холбогдолтой болсон гэдгийг дурдлаа. Түүнээс гадна монгол эмч, маарамба нарын бүтээл дэх онол арга зүйн шинэлэг ойлголт, шинжлэх ухааны ололт, парадигмыг нээн дэлхийн анагаах ухаанд монголчуудын оруулсан хувь нэмрийг он цагаар нь гаргасан нь бүтээлийн бас нэг шинэлэг болсныг дурдав.