Гаалийн татварын орлого бүрдүүлэлт 80 гаруй хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Гаалийн татварын орлого бүрдүүлэлт 80 гаруй хувьтай байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ оны татварын бүрдүүлэлт хэдэн хувьд хүрсэн, Нийгмийн даатгалын сангийн өглөг барагдуулалт хэр байгаа, эрүүл мэнд, боловсролын салбараас төсөвт оруулах орлогын эх үүсвэр хэр байгааг тодрууллаа. Сангийн дэд сайд С.Пүрэвийн тайлбараар ирэх онд гаалийн байгууллагаас улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг 1.9 их наяд төгрөг байхаар тооцжээ. Одоогийн байдлаар гаалийн орлогын татварын бүрдүүлэлт 84 хувьтай байгаа аж. Нийгмийн даатгалын сангийн 2013 оны чөлөөт үлдэгдлийг урьдчилсан байдлаар 45 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон. Тус санд улсын төсвөөс өгөх Засгийн газрын өглөг 80 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас ирэх онд 14 тэрбум төгрөгийг барагдуулахаар тооцжээ. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны тухайд музейн үзвэрийн, Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд төлбөртэй эмчилгээ, үйлчилгээнээс олсон орлого гэх зэргээр өөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй бол Боловсрол, шинжлэх ухааны яам сурах бичгийн орлогыг буцаан төвлөрүүлж дахин ашигладаг юм байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл байнгын хороо нэг аймгийн нэг сумын Засаг даргын Тамгын газрын барилгын төсөвт дутагдаж байгаа хөрөнгийг ярих биш төсвийг анх төлөвлөж боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх бүх шатанд төрийн институци хоорондын уялдаа холбоо хэр байгаа, харьяа байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлэн тооцож буй эсэх, хэрхэн үр ашигтай зарцуулж байгаад нь хяналт тавьж ажиллах шаардлага байна гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын харьяа байгууллагууд сургалтын нэгдсэн байртай болох үүднээс ирэх оны төсөвт ихээхэн хөрөнгө нэмж тусгуулах санал гаргасныг парламентын ордон барих төсөв хөрөнгийн хүрээнд шийдэх бололцоотой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Ингээд байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад М.Зоригт гишүүний гаргасан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын Тамгын газрын барилгад нэг тэрбум, мөн аймгийн Халзан сумын Засаг даргын Тамгын газрын барилгад 230 сая төгрөг нэмж тусгах санал байнгын хорооны гишүүдийн дэмжлэг авсангүй, унав.

Ажлын хэсгээс УИХ-ын харьяа байгуулагуудын сургалтын нэгдсэн төв байгуулах, МҮОНРТ-д техник технологийн шинэчлэл хийхэд хөрөнгө нэмж тусгах саналыг байнгын хороонд ирүүлсэн байв. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат МҮОНРТ-ийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, техникийн шинэчлэлийн асуудлыг багцаар нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн, энэ саналыг татаж авах ёстой гэж үзсэн юм. Санал хураалгахад байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын харьяа байгуулагуудын сургалтын нэгдсэн төв болон МҮОНРТ-ийн төсөвт нэмж хөрөнгө тусгах саналыг дэмжсэнгүй.

Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.

Дараа нь Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүн Д.Эрдэнэбат төслүүдийг хэлэлцүүлгийн шатанд нухацтай хандаж нягталж үзэх шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг түр хойшлуулж Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж ажиллуулах горимын санал гаргалаа. Мөн гишүүн Х.Тэмүүжин төрд шинэ бүтэц үүсгэхгүй байх талаар байнгын хороо аль болохоор анхаарах ёстой гэдгийг хэлээд хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм. Эдгээр саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулснаар байнгын хорооны хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж