Хятадын хойд хэсгийн Шанси мужийн нийслэл Тайюань хотын Коммунист намын байрны урд өнөөдөр /ХI.6/ өглөө дараалсан дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн амь үрэгдэж, найман хүн гэмтэж шархатсан байна. Хятадын телевизийн мэдээлж буйгаар Шанси мужийн Коммунист намын байрны урд орших цэцгийн мандал дунд хэд хэдэн тэсрэх зүйл дэлбэрсэн аж. Хүчтэй дэлбэрэлтийн нөлөөгөөр хажуугаар нь өнгөрч явсан автомашинуудын цонх, дугуй хагарсан гэнэ. Хятадын цагдаа нар ойролцоох замуудыг хааж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
Өмнө нь Хятадын нийслэл Бээжин хотын Тян Ань Миний талбайд автомашинтай этгээдүүд халдлага үйлдэж, таван хүний амийг хохироосон хэрэг гарсан билээ. Хятадын эрх баригчдын зүгээс халдлагын хариуцлагыг уйгур үндэстнүүдэд тохож, тэдний эсрэг хамгаалалтаа сайжруулах арга хэмжээ авч, хэд хэдэн хүнийг баривчлаад байгаа аж.
Б.АНХТУЯА