М.Энхболдод мэндчилгээ ирсээр байна

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

М.Энхболдод мэндчилгээ ирсээр байна

Монгол Ардын Нам шинэчлэл, эв нэгдлийн XXVII Их хурал амжилттай болж өндөрлөсөнтэй холбогдуулан Монгол Ардын намын дарга М.Энхболдод баяр хүргэсэн мэндчилгээнүүд ирсээр байна. Тухайлбал, СоцИнтерний Ерөнхий Нарийн Бичгийн дарга Луис Аяала, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, , БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төв хороо мөн БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ли Тэ Ру нар баяр хүргэсэн мэндчилгээ илгээсэн байна.

 Тус мэндчилгээнүүдэд намын дарга М.Энхболдод баяр хүргэхийн ялдамд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэн олон жилийн турш улс эх орноо удирдан чиглүүлж, ард иргэдтэйгээ хувь заяагаа холбосон улс төрийн ууган хүчний ээлжит Их хурал, түүнээс гарах бодлого шийдвэр, шинээр томилогдох удирдлагуудад ихээхэн ач холбогдол өгч байгаагаа дурджээ.

 Дэлхий даяар 156 улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн СоцИнтерний Ерөнхий Нарийн Бичгийн дарга Луис Аяала илгээсэн мэндчилгээндээ “Ахан дүүсийн хувиар Монгол Ардын Намын даргаар сонгогдсон хүндэт ноён М.Энхболд танд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг хүлээн авна уу. Улс эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөөх үйлс тань ардчилал, шударга ёс, боломжоор дүүрэн нийгмийн төлөөх бид бүхний зорьж буй үйл хэргийн тод илэрхийлэл юм” хэмээн дурджээ. Мөн түүнчлэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү ирүүлсэн мэндчилгээндээ “Олон жилийн уламжлал, түүхт МАН-ын дарга хэмээн хүндтэй алба хаших болсон Эрхэмсэг ноён танд чин сэтгэлээсээ хүндэтгэл илэрхийлье. Миний бие манай хоёр орны найрсаг харилцаанд тулгуурлан Монгол Улсын хувьд “гуравдагч хөрш” орон хэмээн шинэ шатны түншлэлийг бий болгохын тулд үргэлжлүүлэн бүхий л хүчээ дайчлан ажиллах болно” хэмээжээ. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун “ Хятадын Коммунист нам, Монгол Ардын нам нь Ази тивийн улс төрийн ууган хүчин бөгөөд улс орны хөгжил, хоёр улсын хамтын ажиллагаанд гарамгай хувь нэмэр оруулж ирснийг дурдаад Миний бие эрхэмсэг ноён тантай хамтран ажиллаж, хоёр улс, хоёр намын харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна” гэжээ. Цаашилбал, Монгол Ардын нам Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй, Хятад Монголын хамтын ажиллагааг дэмжих, хамгаалах чухал улс төрийн хүчин гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ли Тэ Ру илгээсэн мэндчилгээндээ “Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын дарга байх үеэсээ Монгол-Солонгосын харилцааны хөгжилд таны гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг өндрөөр үнэлэхийн сацуу цаашид ч таны удирдлага дор хоёр улсын улс төрийн намуудын харилцааг хөгжүүлэхэд тууштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна” хэмээн дурджээ.

Эх сурвалж: www.tsag.mn



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж