“Viva city”-ийн шинэ стандарт

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

“Viva city”-ийн шинэ стандарт

Метротой болох мөрөөдөлд хүч нэмсэн “VIVA CITY”-ийн шинэ стандарт

-Шинэ Улаанбаатарын шинэ нүүр царай-

Ганцаараа дангааршин үлдэх боломжгүйгээр дэлхий ертөнц даяаршиж буй.Энэ давалгаан дунд монгол хүн Оскарын шагналт кино үзэж, харь орны хэлийг чөлөөтэй эзэмших нь бусдаас тасарсан өндөр боловсролтой нэгэн,   коко-кола шимж, ухаалаг утас барьж, дэлхийн брэндүүдээр гоёх нь хэтэвчний зузаанаа бусаддаа гайхуулах тансаглал байхаа нэгэнт больжээ. Харин энэ нь дэлхийн иргэн байх шинэ стандарт болон хэвшлээ. Хувь хүнээс гадна томоохон хотууд, тэр дундаа улсын нийслэлд ч ийм шинэстандарт хэрэгтэй болов. Энэ шалгуурт дүйх бүтээн байгуулалтын нэг бол залуусын  “Вива Сити” хороолол юм.

Яармагийн дэнжид сүндэрлэх энэ хороолол бага талбайд ихийг  багтааснаараа онцлогтой. Байр бол зөвхөн дөрвөн хана бус, ая тохьтой амьдрах орчноо тавилгатай нь хамт иж бүрнээрээ төлбөртөө шингээн давхар авч болдгийг харуулснаараа шинэлэг.  Автомашингүй худалдааны гудамж, дэлхийн брэндүүдийн дэлгүүр, хорооллоороо технологийн гайхамшгийг мэдрүүлсэн IPTV-тэй, барилгууд нь өнгө будгийн,  орчин нь өвөрмөц шийдэлтэйгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, энд нэг айл бус нийтээрээ, хорооллоороо сайхан амьдрах боломж бүрдсэн. Эндэхийн 1600 гаруй айл зөвхөн байр бус, амьдрах орчноо хямд үнээр хамтад нь худалдаж авснаараа ялгаатай. Үүнийг нь Улаабаатарынхан бүгдээрээ мэднэ.

Жуулчдыг татах аялал жуулчлалын бүс болсон гудамж хороолол дэлхийд олон. Москвагийн Арбат, Сөүлийн Мёндон, Барселонагийн Рамбла, Нью-Йоркийн Бродвей, Токиогийн Асакүсабаши гэхэд бараг улсаасаа дутахааргүй дэлхийн брэнд болсон.  Тэгвэл Улаанбаатартаа л энэ жишигт дөхөх бүтээн байгуулалт нь “Виви Сити” хороолол юм. Энд улирлын онцлог, ямар баяр наадам тохиох гэж байгаасаа хамаараад хороолол тэр чигээрээ худалдааны гудамж болох нь бий. Яг л Сөүлийн Мёндон шиг. Нэр нь залуусын, оршин суугчид нь залуус учраас хороолол тэг чигтээ Москвагийн Арбат шиг соёл урлагаар амьсгалах нь ч бий. Мандухай хатны дүр амилж, Туулайхүү удирдаачийноркестор уянгалж тэр чигээрээ Нью-Йоркийн Бродвей шиг урлагийн тайз, танхим болж байсан усан оргилуур энэ хороололд бий.

Ер нь л цогц шийдэл, хүн амьдрах таатай орчноороо“Вива Сити” бол ардчиллын үед баригдсан анхны,  өмнөх нийгмийн үед ЗХУ-ын бэлэглэсэн III, IY хороололтой дүйх анхны цогц хороолол юм. Тийм ч учраас хотын удирдлагууд шинээр бий болгосон  “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ынхаа  анхныхыг Яармагийн дэнжинд сүндэрлүүлсэн М-Си-Эс-ийн “Вива Сити” хороололд олгожээ. Улсын нийслэлээс анх удаа бий болгосон энэ алдрыг “Виви Сити” хороолол хүртснээрээ М-Си-Эс-ийнхний анхдагч байдгийг илэрхийлдэг шагналын буухиаг үргэлжлүүллээ. Дашрамд дурдахад төрийн тэргүүн 2011 онд зарлиг гаргаж “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г бий болгож тусгай журмаар олгох болсон юм. Их эзэн Чингис хааны “Алтан гэрэгэ”-тэй хүн хаана ч, хил хязгааргүй зорчдог хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд, түүхэн гавьяатай нэгэн байв. Түүнтэй адилтгаж Монголоо дэлхийд таниулсан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалтад олгох “Төрийн гэрэгэ” шагналыг төрийн тэргүүний зарлигаар олгож эхэлсэн юм. Тусгай журмаар тухайн жилийнхээ Цагаан сарын босгон дээр олгох уг шагналын гол шалгуур нь бүтээн байгуулалтынхаа хэмжээ, далайцаар дэлхийн хэмжээнд хүрсэн, ашиглаж буй техник, технологи нь олон улсын стандарттай, бүтээгдэхүүн экспорлогч, улсын болон орон нутгийн төсвийн найдвартай орлого бүрдүүлэгч, ажлын байр олноор бий болгосон, монголчуудын оюун санааны хөгжилд шинэ үе шат нээсэн байх ёстой юм. Эдгээр шалгуурыг хангаж, энэ шагналыг Энержи Ресурсийн Ухаа худагийн бүтээн байгуулалт хүртэж байлаа. Тэгвэл хотын шинэ өнгө, шинэ нүүр царайг тодорхойлох  Шилдэг бүтээн байгуулалтын дээд шагналыг Вива Сити хүртснээр энэ хорооллын тухай нийтэд дэлгэгдээгүй нэгэн шинэ стандартын тухай мэдлээ.

Орон сууц бол төвлөрсөн ус, халуун дулаан, бас цахилгаантай байж гэр хороолол, амины орон сууцаас ялгарна. Тэдгээрийн шийдэл нь нэгдсэн төвлөрсөн, ухаалаг байж хороолол, хотхоны зохион байгуулалттай болдог. Өөрөөр хэлбэл, инженерийн шийдэл, дэд бүтцийн хувьд хотын дор “хот”, хороололтой хамт “хороолол” явдаг. Гэвч манайд тэгж чаддаггүй. Жил бүр дулааны суваг шуудуу ухаж янзална, зам харгуйгаа засахдаа дахиад зассанаа ухна. Яг л аалзны тор шиг замбараагүй шийдэлтэй. Бараг л барьсан байшингаа нураах нь холгүй загнаж байж, засвар үйлчилгээ хийдэг.  Гэтэл дэлхийн хотууд хотын дэд бүтэц, инженерийн шийдлийг хонгилын системээр шийддэг. Тэндээс төвлөрсөн удирдлагаар төлөвлөгөөт засвар үйлчилгээг иргэдийн ая тух, замын хөдөлгөөнд ямар саад болохгүйгээр хийдэг. Тэгээд хонгилын системдээ тулгуурлаж байж метро байгуулдаг. Метротой болж байж замын түгжрэлийг шийдэг. Энэ бол метрополитан хотуудын туршлага, түүхээр батлагдсан дараалал. Гэтэл манай улс өнөөдөр ердөө 195-хан метр хонгилын системтэй. Харин “Вива Сити” хороолол одоогоор Улаанбаатарт хамгийн урт хонгилын систем байгуулжээ. Хорооллынхоо дэд бүтэц, инженерийн шийдлийг хонгилын системээр шийдсэн анхны хороолол болжээ. Энд 400 гаруй метрийн урттай хонгилын систем байгуулж, 0.4-ийн цахилгаан дамжуулах кабель шугамуудыг сувагт төлөвлөж өгсөн байна. Энэхүү хонгилын систем нь инженерийн орчин үеийн шийдлийг Улаанбаатарт нэвтрүүлсэн, шинэ цагийн шаардлагад нийцсэн гэдгээрээ Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын  дээд шагналын гол шалгуур болсон биз ээ. Шинэ Улаанбаатарт өнгө нэмсэн “VIVA CITY” хорооллын шинэ нүүр царайтай хамт барилгын салбарт дэд бүтэц, инженерийн шийдлийг хонгилын системээр шийддэг шинэ стандартыг давхар шагнажээ.

Мэргэжилтнүүдийн тооцоогоор бол хонгилын систем бол тухайн хот метротой, хурдан галт тэрэгтэй болохын эхлэл. Улаанбаатарт 400 гаруй км хонгилын систем хэрэгтэй гэсэн тооцоо бий. Бас метротой болох том зорилго, том мөрөөдөл бий. Энэ мөрөөдөл минь биелэх боломжтой, бас хүрэхэд ойрхон байгааг“VIVA CITY” хорооллын шинэ стандарт-хонгилын систем харууллаа. Өөрөөр хэлбэл, метротой болох монголчуудын мөрөөдөлд хүч нэмлээ.

Л.ЗОРИГТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж