Онгоц нисгэсэн хүмүүст хариуцлага тооцохыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Онгоц нисгэсэн хүмүүст хариуцлага тооцохыг хүсчээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Өндөр эрэг гэдэг газарт өнгөрсөн сарын 18-нд “А-Jet” компанийн JU-5566 дугаартай МИ-8 нисдэг тэрэг ослын буулт хийсэн.  Уг нисдэг тэргэнд нисэх багийнхнаас гадна долоон хүн сууж явсан билээ.  Азаар хүний амь эрсдээгүй, онгоцонд явсан хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй ч энэ удаагийн ослын буулт яалт ч үгүй ноцтой зөрчил байсан гэж албаны хүмүүс үзэж буй ажээ. Учир нь нислэг үйлдэх зөвшөөрлийг холбогдох газруудаас авалгүйгээр Минжийн хангайн зүг хөөрсөн аж. Аравдугаар сарын 18-ний өдрийн 17 цагт Мөнгөнморьт сумаас Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газарт онгоц осолдлоо гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу ИНЕГ,  Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн цэргийн 0151-р анги, “А-Jet” компаниас тодруулахад ослын буултын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.  “А-Jet” компанийн  JU-5566 дугаартай МИ-8 нисдэг тэрэгний энэ удаагийн нислэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан үзэж байна. Иймд  Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас Иргэний нисэхийн ерөнхий газар, А-Jet компани, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зургадугаар хэлтэст “Дархан цаазат газарт онгоц зөвшөөрөлгүйгээр нисгэсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцох тухай“ албан тоот хүргүүлжээ.

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж