Говь-Алтай аймаг тэмээнийхээ тоогоор улсдаа Өмнөговь, Баянхонгор аймгуудын дараа гуравдугаар байрт ордог. Говь-Алтай аймаг нь Төхөм тунгалагийн хүрэн тэмээний үржлийн гол нутаг юм. Монгол улсын үндэсний баялаг таван хошуу малын манлай тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, Говь-Алтай аймгийн тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, говийн малчдын туршлагыг солилцуулах, тэмээчдийнхээ хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах зорилгоор 2005 оноос “Их говийн тэмээний баяр” тэмээчдийн их наадмыг уламжлал болгон зохиож ирсэн байна.
Энэхүү наадамд хурдан ат, торомны уралдаан, шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулалт, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдахаас гадна тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай уран бүтээлийн уралдаанууд зохион байгуулах юм. Түрүү атыг мотоциклоор шагнадаг бол шилдэг сумууд хагас сая төгрөгийн шагнал хүртэх аж.
Мөн наадмыг зохион байгуулагч “Алтайн хөгжил XXI зуун” ТББ-аас шилдгийн шилдэг тэмээчдийг шалгаруулж, арван лангийн мөнгөн буйл, хүндэт өргөмжлөлөөр мялаадаг уламжлалтай.