МАН-ын Бага хурлын “анекдот” одоо хэр нь хуучраагүй байна. Жишээ нь Бага хурлын үеэр МАН-ын нарийн бичгийн даргыг сонгоход Т.Онон гэдэг бүсгүй нэрээ дэвшүүлжээ. Харамсалтай нь НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хүртэл түүнийг олигтой дэмжээд өгөөгүйд тус намын эмэгтэй гишүүд гомдчихсон явна билээ. Т.Ононгийн Бага хурлын гишүүдэд тараахаар зэхсэн материалыг тараалгахгүй байснаа “Энэ талаар хэвлэлийн бага хурал зарлана” хэмээн бухимдсаны дараа зөвшөөрсөн аж. Үүний зэрэгцээ Бага хурлын гишүүн, эдүгээ МАН-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн даргаар ажиллаж буй Б.Цогтгэрэл буюу “жиргээчид”-ийн дотны танил “Цогоо гуай” хүртэл Т.Ононг элдвийн үгээр дайрч гомдоосон аж. Уг нь “жиргээчид”-ийн хувьд бол тэдний хэн, хэн нь твийтр хуудаснаа “од” юмсан. Гэтэл Б.Цогтгэрэл нь Т.Ононг “Чи АН, МАХН-ынхантай уулздаг, холбоо сүлбээтэй, намаа муулж нэр хүндийг нь унагасан мэдээллийг цахим хуудсаар цацдаг” гэхчлэн шүүмжилсэн бололтой юм. Уг хэрүүлийн дараагийн өдрүүдэд ч тэдний хэрүүл цахим хуудсаар үргэлжилсээр байсан нь “нам бусчууд”-ыг залхааж эхлэв.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин