Пеле: Месси, эсвэл Роналду

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Пеле: Месси, эсвэл Роналду

Бразилийн шигшээ багийн домогт хөлбөмбөгч Пеле 2013 оны дэлхийн шилдэг хэн болох талаар өөрийн бодлоо хуваалцсан байна. Пелегийн бодлоор бол Аргентиний шигшээ багийн ахлагч, Испанийн Каталоны үндэстний бахархал “Барселона” багийн довтлогч Лионель Месси болон Португалийн шигшээ багийн ахлагч, Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналдугийн нэг оны шилдгээр тодрох магадлалтай гэнэ. Харин Бразилийн залуу од Нэймарийг Месси, Роналду нарын хэмжээнд хүрэх болоогүй гэж хэлсэн байна.

-Лионель Месси болон Криштиан Роналду өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчид. 2013 оны шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг ч аль нэг нь хүртэх нь гарцаагүй. Мэдээж дэлхийн олон шилдгүүд энэ хоёртой /Месси, Роналду/ өрсөлдөж байна. Гэвч оны шилдгээр Месси , Роналду хоёроос өөр хүн тодрох боломжгүй гэж ярьсан байна.

“Барселона” багийн мэргэн бууч Лионель Месси сүүлийн дөрвөн жил дараалан “Алтан бөмбөг” шагналын эзнээр тодроод байна. Харин “Реал Мадрид”-ийн Криштиан Роналду 2009 онд Английн “Манчестер Юнайтед” багт байхдаа оны шилдэг “Алтан бөмбөг” шагналын эзэн болсон билээ. 2009 оноос хойш ганцхан хөлбөмбөгч оны шилдэг хөлбөмбөгч болсоор байгаа юм. Тэр нь Лионель Месси.

Криштиан Роналду энэ жил /2013 он/ 28-аас дээш насны шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан хөл” шагналд нэр дэвшсэн. Энэ нь Криштиан Роналдуг улам хичээн тоглож, олон гоол оруулахыг сануулсан хэрэг болсон юм. Роналду ч дэлхийн шилдгийг дахин хүртэхийг үнэн сэтгэлээсээ хүсч буй нь тоглолт бүрээс харагдаж байгаа юм.

2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч 2014 оны нэгдүгээр сарын 13-нд Швейцарийн Цюрих хотноо тодорно.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж