Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Увсын увайгүй гишүүд

Өөрсдөөсөө бусдыг юу ч ойлгодоггүй гэж боддог бололтой юм. Чихэндээ чихэвч зүүж, дуу сонсох залуу автобусанд хамт яваа бусад хүмүүст сонсогдохгүй гээд унгадаг шиг /дүлийдээ найдаж унгав/ л юм ярих юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Увс аймагт МАН-аас өрсөлдсөн хоёр хүнийг хууль зөрчиж сонгогдоогүй гэдгийг Улсын дээд шүүхээс эцэслэн шийдсэн. Тийм учраас асуудал нэг мөр шийдэгдсэн гэсэн үг” гэж аргаа барахдаа хэвлэлд ярилцлага өгч сууна. Дээд шүүхээр хоёр төрлийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Нэг нь сонгуулийн үеэр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслах Ш.Чинбат, Я.Баттогтох, шадар туслах, Увс аймгийн МАН-ын дэд дарга Жамсран нар мөнгө тараасан гэдгийг эцсийн байдлаар тогтоосон. Нөгөөх нь Дээд шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцсэн явдал. Давж заалдах шатны шүүх ямар шийдвэр гаргасан бэ гэхээр, гэм буруутай нь тогтоогдож байгаа учраас СЕХ-д алдаагаа засах даалгавар өгсөн юм. Харин энэ шийдвэрийг нь Дээд шүүх хэлэлцээд, өөрт хамааралгүй асуудлаар даалгавар өгсөн гэж үзэн захиргааны хэргийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх өөрт хамааралгүй асуудлаар даалгавар өгсөн, СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг шийдсэн нь буруу гэж үзсэн хэрэг. Ийм л хоёр төрлийн хэргийн эцсийн шийдвэр гарчихсан.

Ингэхдээ мөнгө тараасныг нь эцсийн байдлаар тогтоочихсон. Тиймээс Дээд шүүхийн гаргасан мөнгө тараасан тогтоогдсон тухай шийдвэрийг үндэслэн СЕХ одоо хурлаа хийж, хууль зөрчсөн этгээдүүдийн гишүүний үнэмлэхийг хүчингүй болгох ёстой. Уг нь СЕХ бол аль нэг нам хүчинд үйлчлэх бус иргэдийн саналыг луйвардахаас хамгаалах ёстой байгууллага. Сонгуулийн тухай хуульд мөнгө тараасан нь нэр дэвших явцад тогтоогдвол нэрсийн жагсаалтаас хасна. Харин сонгуулийн дараа тогтоогдвол гишүүнийх нь үнэмлэхийг хүчингүй болгож дараагийн 30-аас дээш хувийн санал авсан сонгогчийг сонгогдсонд тооцно гээд заачихсан. Гэтэл хуулийн энэ заалтыг биелүүлэх сонирхол СЕХ-нд алга. Тийм болохоор Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар шүүхийн шийдвэрийг дур зоргоороо өөрчилж, хүссэнээрээ бурж сууна. Тэдний өмнөөс зургаан хүн ял авчихсан, мөнгө тараасныг нь нотлох 1000 гаруй баримт ТЕГ-т ирчихсэн байхад шүү дээ. Олон арван хүнийг хөлдөө чирчихээд “биднийг гэм буруутайг шүүх тогтоогоогүй” гэж элийрч суудаг ийм нөхдүүдийн өмнөөс нүүр улайх юм. МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин Их хурлынхаа үеэр энэ намын бүх асуудлыг 200-хан хүн шийддэг. Авлига хэрхэн гаарсан талаар ярьсан. Тэдний хоёр нь дээрх хоёр нөхөр. Авлига өгөөд албан тушаалд сонгогдоод сурчихсан нөхдүүд. Ичих нүүрээ элгэндээ, элгээ нүүрэндээ наачихсан. СЕХ ийм нөхдүүдийг өмөөрч хурлаа хийхгүй байгаа нь иргэдийн төлөө ажилладаггүй гэдгээ харуулж байна. Тэднийг мөнгө тараасныг нь нотлон авчирч өгсөн иргэдэд СЕХ хуулийн дагуу тараасан мөнгийг нь 10 дахин нугалаад татвар төлөгчдийн мөнгөөөс олгосон. Тэр мөнгийг ч мөнгө тараасан нөхдүүдээр нь төлүүлэх ёстой. Хэрвээ санал луйвардаж сонгогддог, тэрийг нь шүүхээр тогтоочихоор татвар төлөгчдийн мөнгөнөөс 10 дахин нугалаад төлчихдөг тогтолцоотой байх юм бол сонгууль гэж явуулаад, СЕХ гэж байгаад яах юм бэ. Татан буулгасан ч болж л байна. ТЕГ л байхад хангалттай биш үү…

А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж