Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Үнсгэлжин СОПРАНО

Дуучин, жүжигчин, бүжигчин… Юу байх нь хамаагүй, гагцхүү би тайзан дээр л амьдрахыг хүсдэг байлаа. Нэрт сопрано Анна Нетребко ингэж ярьж байна. Хүүхэд насны энэ гэнэхэн хүсэл нь Оросын жижиг хотын жирийн нэгэн охиныг орчин цагийн дэлхийн дуурийн алмааз эрдэнэ болгожээ. Краснодарын бяцхан охин Анна аав, ээжтэйгээ нэг удаа театрт очоод л дуурьт ухаангүй дурласан гэдэг… Анна Санкт Петербургийн консерваторт дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцах болов. Том хотод амьдралаа залгуулж, сургалтын төлбөрөө олохын тулд Анна сургуулийнхаа хажуугаар алдарт Марийнскийн театрт цэвэрлэгчээр ажиллаж эхэлсэн гэдэг.

1993 он… Марийнскийн театр залуу дуучдын дунд сонгон шалгаруулалт явуулахад Анна энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Театрын уран сайхны ерөнхий захирал Валерий Ге́ргиев түүнийг хараад цэвэрлэгч болохыг нь таньчихжээ. Ингээд түүний “Чи дуулж чадах юм уу?” гэсэн асуулт л дуурийн хатан хааны амьдралыг эхлүүлсэн гэдэг. Ингээд Нетребкогийн анхны дүр Моцартын “Фигарогийн гэрлэлт” дуурийн Сюзанна байлаа. Ирэх жил нь Марийнскийн театрынхан Америкийн Сан Францискод аялан тоглолтоор явахад Валерий Ге́ргиев залуу сопранод их итгэл хүлээлгэн Глинкагийн “Руслан, Людмила хоёр” дуурийн гол дүрийг өгчээ. Нетребко хожим энэ талаараа “Бүх зүйл дэндүү том эхэлсэн. Том дүр, том дуурь, том амжилт” гэж ярьж байлаа. Марийнскийн театрын тайзнаа гарсан анхны жилдээ л тэр олон улсад уянгалаг хоолойгоо гайхуулаад эхэлсэн юм. Анна 2002 онд Нью-Йоркийн алдарт “Метрополитан” театрын тайзнаа анх дуулсны дараа Америкийн нэгэн хэвлэл түүний талаар “Гайхамшигтай хоолойтой Audrey Hepburn” гэж бичиж байсан. Үнэхээр түүнд бүх зүйл бий. Яруу уянгалаг дуу хоолой, ер бусын үзэсгэлэн гоо. Түүнийг сонгодог урлагийн хамгийн халуухан эмэгтэй гэдэг билээ.

-Таныг энэ цагийн Maria Callas гэдэг. Ингэхэд та үүнтэй санал нэгддэг үү?
-Намайг хүмүүс яагаад Maria Callas-тай зүйрлэснийг мэдэх үү? Яагаад гэвэл тэд зүйрлэчихээр өөр хэн нэгнийг олоогүй юм. Үнэндээ яагаад намайг түүнтэй зүйрлэдэгийг ойлгодоггүй юм аа. Бидний гадаад дүр төрх, дуу хоолой ч огт адилгүй. Би түүнийг дуурийн бурхан гэж боддог.

-2004 онд та “Anna Netrebko: The Woman, The Voice” нэртэй анхны DVD-гээ гаргаж байсан. Та DVD-н дээрээ Vincent Patterson-тай /Энэ хүн өмнө нь Madonna, Britney Spears нарын видео клипүүд дээр ажиллаж байсан юм/ ажилласан байх аа?
-Тийм ээ. Надад маш их таалагдсан DVD болсон. Зарим үед уран бүтээлч хүнд өөрийнх нь хийсэн зүйл таалагдахгүй тохиолдолд байдаг шүү дээ. Надад ч бас тийм үе багагүй гарч байсан. Харин “Anna Netrebko: The Woman, The Voice” нэртэй анхны DVD-ндээ би одоо ч сэтгэл хангалуун байдаг. Түүнд багтсан нэг видео зарим хүмүүсийн дургүйцлийг төрүүлж, бараг намайг үзэн ядахад хүргэж байсныг эс тооцвол шүү дээ. Гэхдээ л би түүнийг тоогоогүй.

-Тийм шүү. Та усан санд цагаан өнгийн бикинитэй сэлж байдаг тэр хэсэг хүмүүсийн дургүйцлийг багагүй төрүүлсэн?
-Гэхдээ та зарим хүмүүс гэдгийг тодотгож хэлэх хэрэгтэй л дээ. Яахав, ер нь бол сонгодог хөгжим, дуурьт дуртай хүмүүсийн бараг ихэнх хувь нь бага зэргийн хуучныг баримтлагч, хатуу чанга үзэлтэй гэмээр хүмүүс байдаг шүү дээ. Гэхдээ энэ байдал жилээс жилд эергээр өөрчлөгдөж байгаа гэж би боддог.

-Та хэвлэл дээр гарсан өөрийнхөө тухай нийтлэлүүдийг хэр их уншдаг вэ?
-Анхандаа би “Тэр бол шилдэг нь”, “Тэр бол орчин цагийн Maria Callas” гэх мэтийн гарчгийг хараад ухаан алдаж унах шахдаг байлаа. Айсандаа тэр шүү дээ. Тэр бүхэн зарим хүнд илүү их урам, хүч өгдөг байж болох л доо. Харин намайг бүр айлгачихдаг юм. Ер нь бол би хэвлэл дээрээс өөрийнхөө тухай унших дургүй.

-Дөрөв, таван жилийн өмнө та Английн нэг сонинд ярилцлага өгөхдөө Вердийн “Il Trovatore”-гийн Леонорад тоглохыг мөрөөддөг гэж байсан. Таны мөрөөдлийн дүр вэ?
-Би тун удахгүй Метрополитан театрт Леонорагийн дүрд дуулах гэж байгаа. Маэстро Barenboim-тай хамтран тоглоно. Одоогоос хэдэн жилийн өмнө би хэвлэлд ярилцлага өгөхдөө Леонорагийн дүрд дуулахыг мөрөөддөг гэж ярьдаг байсан. Одоо тэр маань биелэхэд алхам л үлдээд байна. Зарим хүмүүс тэр үед “Өө, Анна хэзээ ч Леонорад дуулахгүй” гэцгээдэг  байсан. Харин би заавал дуулна гэж амласан.

-Тухайн үед та өөрийгөө би Леонорад бэлэн биш гэж ярьж байсан. Одоо тэгэхээр бэлэн болжээ дээ?
-Таван жилийн өмнө бол би яагаад ч Леонорад дуулж чадахааргүй байсан. Түүнийгээ хүлээн зөвшөөрнө. Миний хоолой хангалттай хүчтэй биш байсан. Одоо бол би 99 хувь бэлэн байна /инээв/. Энэ жилүүдэд би хөгжиж байна. Би илүү “хүчтэй” сопрано болж өөрчлөгдөж байгаа. Энэ нь ч надад илүү зохимжтой юм. Залуу охидын дүрд дуулахаас одоо татгалзмаар л байна шүү /дахин чанга гэгч нь инээд алдав/

-Анна, та юу, юунд дуртай вэ?
-Би дуртай зүйлсээ нэрлэхдээ ямар таатай ханддаг гэж санана. Дэлгүүрээр хөлийнхөө улыг өвдтөл тэнэж, худалдан авалт хийх нь их ажлын дараа гайхалтай амралт болдог. Би хувцас загварт маш их анхаарлаа хандуулдаг. Хэдийгээр сонгодог урлагийн хүн боловч миний амьдралын хэв маяг их “залуу” ш дээ /инээв/. Хувцас загварын сэтгүүл эргүүлж, гудамжаар яваа дэгжин залуу охидын хувцаслалтыг “хуулбарлаж”, хип хоп хөгжим сонсох дуртай. Би “Black eyed peas” хамтлагийн дуунуудыг бараг бүгдийг нь дуулж чадна ш дээ /инээв/.  Завтай үедээ гэртээ дагаж дуулж, зориудаар сурдаг юм л даа. Бас “Green Day” миний хайртай хамтлаг. Өө бурхан, хамгаас хайртай дуучин Robbie Williams-аа нэрлэхгүй өнгөрөх нь байна ш дээ.

-Орос бүсгүйчүүд ганган, дэгжнээрээ алдартай. Үнэртэн, үслэг эдлэл тэдний “хобби” байх. Та ч бас дуртай юу?
-Тийм шүү. Миний хувьд энэ дэлхий дээрх хамгийн халуухан эмэгтэйчүүд орос эмэгтэйчүүд санагддаг. Ингээд хэлчихээр хүмүүс намайг “тэнэг амьтан” гэх байх даа /инээв/. Үслэг эдлэлд би туйлын дуртай. Гэхдээ аль болох өмсөхгүй байхыг хичээдэг болсон. Бүрмөсөн татгалзаж чадахгүй л дээ. Үнэртний тухайд гэвэл Marc Jacobs миний номер нэг сонголт. Түүний үнэртнүүд залуухан, энхрий санагддаг юм.

Ж.Индра

Түүний гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж