
Түүнчлэн МАН-ын бүлгээс төгрөгийн худалдан авах чадвар 30 хувиар буурсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан энэ үед төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавихаар болжээ. 2014 оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь төрийн албан хаагчдын цалинг 8-10 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг. Гэтэл шүүгчдийн цалинг 2-4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оруулж ирсэн нь ойлгомжгүй байдал үүсгэж байгааг дурдлаа. Өөрөөр хэлбэл, шүүгч нарын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр нь тодорхойгүй байгаа аж. Мөн "Чингис" бондын мөнгийг Монгол Улсын өр гэж үзвэл зайлшгүй төсөвт тусгаж байж 2014 оны төсвийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй гэж үзсэн байна.