Б.Нармандах: Тариачин бүсгүйн дүр бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Б.Нармандах: Тариачин бүсгүйн дүр бүтээж байна

УДЭТ-ийн уран бүтээлчид дэлхийн утга зохиолын манлай роман, Испанийн утга зохиолын мастер Мигель Сервантсийн “Дон Кихот” жүжгийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн урлагийн тайзнаа амилуулах гэж байна. “Дон Кихот” романыг дэлхийн олон улс орнууд олон төрөл жанараар туурвиж байсан бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулгаар олны хүртээл болох гэж байна. Тус жүжиг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатарын олон жил хүсч мөрөөдөж ирсэн бүтээл байсан учраас тэрбээр өөрийн эмзэглэлээс төрсөн ноён Кихоттой үзэгч олныг уулзуулахаар ийнхүү сэтгэл шулууджээ. Ямартай ч тус жүжгийн Альдонса Лоренса гэх тариачин эмэгтэйн дүрийг бүтээж буй СТА Б.Нармандахтай тус жүжгийн талаар цөөн хором ярилцсан юм.

-Дэлхийн утга зохиолд то­моохон байр суурь эзлэх “Дон Кихот” романыг жүжиг хэлбэрээр хүргэх гэж байх шиг байна. Уг жүжгийн талаар ярихгүй юу. Яг ямар утга санаа илэрхийлэх жүжиг юм бол оо?

-“Дон Кихот”-ыг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Хамгийн гол нь найруулагч маань энэ романаас авсан өөрийн бодлоо найруулан тавьж байгаа. Тус жүжгээс надад оногдсон дүр гэвэл Альдонса Лоренса гэх тариачин бүсгүйн дүр байгаа. Энэ дүр Альдонса Лоренса гэх бүсгүйн дүр байх хэдий ч нөгөө талаасаа гол дүрийн баатар Кихотын сэтгэл зүрхэнд өөрийнх нь хамгийн хайртай бүсгүй Дурсина байна хэмээн дүрслэгддэг. Энэ дүр нь жирийн нэг дундаж амьдралтай эмэгтэйн аж амьдралыг өгүүлдэг. Ямартай ч жирийн нэгэн тариачин эмэгтэйн зан араншинг гаргахын төлөө энэ дүр дээр ажиллаж байна даа. Энэ эмэгтэйн дүрд дэлхийн олон мундаг жүжигчид тоглосон байдаг юм билээ. Тухайлбал ОХУ-ын Дуранина гэх мундаг жүжигчин тоглосон байдаг. Альдонса Лорен­сагийн дүр нь жүжигт нэг их гарахгүй. Тэгэхдээ жүжгийн санаа, мөн Дон Кихотын дүрд маш их нөлөөтэй.

-Та өмнө нь маш олон дүр бүтээж байсан. Энэ удаагийн дүр бусад дүрээс юугаар онцлог вэ?

-Жүжигчин хүн янз бүрийн дүрд хувирч тоглодог. Жишээ нь би хамгийн сүүлд “Гэнэтийн бэлэг” гэдэг жүжигт Бадам гэх эхийн дүрийг бүтээсэн. Энэ жүжиг нь драмын жүжиг мөртлөө романтик тал руугаа тавигдсан л даа. Жүжиг бүр өөр, өөрийн гэсэн жанртай. Дээрээс нь аливаа дүр тэр хэлбэр рүүгээ орох ёстой байдаг. Тэр ч утгаараа Альдонса Лоренсагийн дүр бусдаасаа онцлог юм. Жүжигчин хүний нэг хэцүү зүйл нь ямар ч дүрд тоглосон  бай тэр хүн өөрөө л байдаг учраас гарцаагүй өөрийгөө өөрчилдөг. Өнөөдөр ма­най нийгэмд маш их бухимдал байгаа. Хүмүүс бие биетэйгээ маш эвгүй харьцдаг. Өөрөөр хэлбэл, ярианы өнгө нэлээд өндөрсдөг. Миний бүтээх гэж буй энэ дүр яг ийм л дүр. Жишээ нь “Сайн байна уу” гэж эелдгээр хэлэхийн оронд нэлээд ширүүн “Сайн байна уу. Юу хийгээд яваад байгаа юм бэ” гэх мэтээр ярьдаг эмэгтэйн дүр. Өөрөөр хэлбэл амьдралын төлөө зүтгэсээр байгаад иймэрхүү өнгө аястай ярьдаг болчихсон эмэгтэйн дүрийг бүтээхээр хичээж байна. Ерөнхийдөө найруулагч Б.Баатар дүрүүддээ тохирсон хүнийг сонгож авбал өөрт нь амар байдаг. Тийм учраас намайг энэ дүрд тохирно гэж бодсон байх.

-Та өмнө нь Б.Баатар най­руулагчтай олон бүтээл дээр хамтран ажиллаж байсан байх. Энэ удаа хамтарч ажиллахад хэр гар нийлж байна даа?

-Би Б.Баатар найруулагчтай “Арвин” театрт олон жил олон дүр дээр хамтарч ажиллаж байсан. Тийм учраас ойлголцоход амар байгаа. Найруулагчаа ойлгоод түүнийг биеэрээ илэрхийлнэ гэдэг маш хэцүү.

-Өмнө нь “Дон Кихот” роман Монголын тайзнаа амилж байсан уу?

-Намайг жаахан байхад дуурь, балетаар тавигдаж байсан. Тухайн үед тайзан дээр амьд морь, илжиг гарч ирж байсныг санадаг. Гэхдээ жаахан байсан болохоор ямар утга санаатай жүжиг байсныг мэдээгүй.

-“Дон Кихот” романыг уншаа­гүй, жүжиг хэлбэрээр үзээгүй олон хүн байгаа байх. Тэгэхээр уг жүжигт хүмүүсийг огшоодог ч юм уу, аль эсвэл инээлгэдэг хэсэг бий юу. Үүнийг уншигчид маань сонирхож байж магадгүй?

-Театрт жүжиг тавьдаг ч гэсэн үзэгчид маань жүжигчдийг харах гэж их ирдэг. Мөн найруулсан тавилтыг харахыг зорьдог. Тухайл­бал миний хэсэг дээр үзэгчид инээх, уйлах эсэхийг хэлж чадахгүй. Харин би энэ мэдрэмжийг дот­роосоо гаргаж, мэдэрч тоглохыг хичээнэ. Ерөнхийдөө жүжиг гэдэг нь бүхэлдээ найруулагчийн бүтээл байдаг. Энэ утгаараа уг жүжиг дээр Б.Баатар найруулагчийг магт­маар санагдаад байгаа юм. Түүний найруулсан жүжиг, тодруулбал нэг жүжгийг гурван өөр янзаар найруулж тавьсан. Ер нь манай залуу жүжигчид Б.Баатар найруулагчаас сурах юм маш их бий.

-“Дон Кихот” жүжиг энэ сарын 8-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Одоо хэдхэн хоног үлдчихлээ. Ер нь бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Бид маш их айж байснаа бодвол бэлтгэл харьцангуй сайн хангагдаж байгаа. Жүжигчид ажлын найман цагаар ажилладаггүй. Унтах гээд орондоо орсон ч өөрийнхөө дү­рийн талаар бодож байдаг. Энэ ч утгаараа маш сайн байгаа. Гэхдээ бүх юм сайхан болж, нэг цөм болох болоогүй. Нээлт болоход бас ч гэж зай байна.

-Жүжиг хэр хугацаанд үр­­гэлжлэх вэ?

-Жүжиг дөрвөн цаг гаруй үр­гэлжилдэг. Гэхдээ үзэгчдээ чи­лээхгүйн тулд маш их судалж, гарах ёстой үзэгдлүүдийг үзүү­лэхийг зорьж байгаа. Энэ ч утгаар хоёр цаг гаруй үргэлжилнэ.

Ж.БАТТУУЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж