Урьдчилсан байдлаар 2014 оны төсвөөс урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлыг яаж танах, шийдвэрлэх талаар АН-ын бүлэг дүгнэлтээ гаргасан байна. Урсгал зардалтай холбоотойгоор, эд хогшил, сандал ширээ, автомашины зардлыг хасах нь зүйтэй гэсэн байр суурьт нэгдсэн байна. Үүнээс гадна гадаад, дотоодын томилолтын зардал, төвлөрсөн арга хэмжээний зардлуудыг эргэж харж, танах боломжтой гэж үзсэн байна. Мөн АН-ын бүлэг урсгал зардлаа хэмнэж чадсан төсвийн байгууллага хэмнэсэн мөнгөөрөө ажилчдын цалинг нэмэгдүүлдэг зарчим баримтлах нь зүйтэй гэсэн санал гаргажээ. Энэ саналаа УИХ дахь бусад намын бүлэгт танилцуулж, зөвшилцөх нь зүйтэй гэж үзжээ. Мөн цалинг зарлаж нэмэгдүүлэх шаардлагагүй гэх Засгийн газрын байр суурьтай нэгдэж байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.
Мөн 2014 оны төсөвт 731 объектод хөрөнгө оруулах санал оруулж ирсэн байна. Үүнээс 289 объектод аудитын шалгалт хийсэн байна. Аудитын санал дүгнэлтээр зайлшгүй эргэн харах, хянах шаардлагатай объектууд байгаа, үүнийг хянахад тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй, тиймээс заримыг нь 2014, 2015 онд царцаах нь зүйтэй гэх санал гаргажээ. Үүнээс хугацаа хэтэрсэн, төсөвт өртөг нь нэмэгдсэн, ажил нь хийгдээгүй байгаа, хяналт шалгалт шаардлагатай байгаа 181 объектод 289 тэрбумын хөрөнгө оруулахаар тусгажээ. Тиймээс царцааж буюу түр хугацаагаар хойшуулж шалгасны дараа хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх, мөн ажил нь эхлээгүй, төсөлгүй, гүйцэтгэгчгүй, газрын зөвшөөрөлгүй 46 объектыг 2014, 2015 онд төсвөөс нэг мөр хасах санал гаргасан байна.