Эвслийн зүгээс 2014 оны төсвийн төслийг хэлэлцээд, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлыг танах нь зүйтэй гэсэн байр суурьт нэгдсэн байна. Тодруулбал, эхний ээлжинд 2014 оны урсгал зардлыг хэмнэх ёстой гэж үзжээ. Урсгал зардалд багтах төрийн байгууллагын сандал ширээ солих, гадаад томилолтын зардал, унааны зардал гэх мэт зардлуудыг танах шаардлагатай гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, урсгал зардал 10 хувиас доошгүй байх ёстой гэсэн зарчим баримтлах санал гарагжээ. Урсгал зардлыг танаснаар 160 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоог "Шударга ёс" эвслийн бүлгийн ажлын хэсэг танилцуулсан байна. Тухайлбал, хорих анги шинээр нэмж барихаар 37 тэрбум төгрөг төсөвт суулгасныг хасах, загасны аж ахуйг дэмжих зорилгоор нэг тэрбум төгрөг төсөвлөснийг хасах зэргээр урсгал зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг танаснаар урсгал зардлаас 160 орчим тэрбум, хөрөнгө оруулалтаас 200 орчим, нийт 360 тэрбум төгрөг танах боломжтой гэж эвслийн бүлгийн гишүүд үзжээ.
Мөн хөрөнгө оруулалтын зардлыг танах нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдсэн байна. Тухайлбал, энэ жилийн төсөвт 110 объектын төсөв нэмэгдсэн, он дамжсан, гүйцэтгэгч байхгүй барилгуудыг хагас жилийн хугацаатайгаар царцаах нь зүйтэй гэж үзжээ. Үүнээс газрын маргаантай буюу зөвшөөрөл байхгүй, зураг төсөл байхгүй объектийн хөрөнгө оруулалтыг зогсоох шаардлагатай гэлээ. Мөн 2014 онд цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэх нь зүйтэй бөгөөд үүнийг Засгийн газар олон нийтэд зарлаж нэмэх биш өөрсдөө мэдэж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна. Ингэхдээ бага тэтгэвэр, цалинтай хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх зарчим барьж ажиллах саналыг 2014 оны төсөв хэлэлцэх явцад танилцуулна гэлээ.