Үйлчилгээний байгууллагынханд хүн загнах эрх байхгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний байгууллагынханд хүн загнах эрх байхгүй

Үйлчилгээний байгууллагынхан иргэдэд муу үйлчилж байна, харилцааны чадваргүй байна гэх шүүмжлэлийг олонтаа сонсож байсан. Гэхдээ надад ийм зүйл тохиолдож байгаагүй учир төдийлөн анхаарч бас итгэхийг хүсдэггүй байв. Харин саяхан манай найз өөрт тохиолдсон явдлаа ярилаа. Найз минь нэгэн супермаркетэд ороод хүүдээ хоёр оймс аваад кассан дээрээ тооцоогоо хийж л дээ. Нэг оймс нь 1400 төгрөгийн үнэтэй байсан учир найз маань хоёрыг авсан байна. Кассан дээр очоод тооцоогоо хийхээр бичүүлтэл нэг оймс нь 1700 төгрөгийн үнэтэй болж орхиж. Яагаад ийм юм болов гээд гайхаад асуутал “Угаасаа цаанаасаа ирсэн үнэ нь 1400 байдаг юм. Үнэтэй санагдаад байвал авахаа больчихгүй юу” хэмээн уурлах нь тэр. Тэгээд лавшруулаад “Хүнтэй ингэж харьцаж болдог юм уу. Би үнийг нь харж байгаад л авч байгаа биз дээ. Ойлгомжтой бичиж байж л бид сонголтоо хийнэ шүү дээ. Худлаа үнэ тавьж болохгүй” гэж бухимдсан аж. Энэ үл ойлголцсон, үйлчилгээний байгууллагын ажилтны соёлгүй харилцаанаас болж тэр дэлгүүрт нэлээд маргаан өрнөсөн болохыг миний найз ярив. Би ч үйлчилгээний байгууллага байж үйлчлүүлэгчээ загнаж бас болоогүй сонголтоо өөрчил, эсвэл боль гэсэн үгсийг хэлсэн гэдэгт бухимдсан юм.

Найзтай цуг үйлчилгээний байгууллагын ажилтны чадваргүй, мууг яриад хэд хоноогүй байхад надад мөн ийм явдал тохиолдох нь тэр. Тухайн үед супермаркет орлоо. Мөн л үнийг нь харж байгаад өөрт хэрэгтэй зүйлсээ сагсанд хийгээд кассанд очсон юм. Найзад маань үнийн зөрүүтэй холбоотой асуудал гарч байсан учир би баримтаа шалгахыг хүслээ. Тэгтэл баримтыг нь хараад өөртөө итгэсэнгүй. Барааны үнэ нь яах аргагүй өөрчлөгдсөн байв. Үнийг нь яагаад өөрчилсөн талаар асуухад кассчин нь тайлбарлаж чадсангүй. Харин ахлах нь сонголтоо өөрчлөхийг санал болгов. Юу болох нь тэр вэ. Өөртөө үйлчилдэг дэлгүүрт орсон хүн хүссэн сонголтоо үнийг нь харж хийнэ. Харин кассан дээр нөгөө барагаа аваад очихоор үнэ нь өөрчлөгдөх нь хэр зохимжтой вэ. Тэр ч байтугай үйлчлүүлэгчээс үнэн, худал нь мэдэгдэхгүй илүү мөнгө аваад байх нь шударга гэж үү. Мэдээж шударга биш юм.

Үйлчилгээний байгууллагын ажилтны хамгийн том үүрэг бол үйлчлүүлэгчтэй соёлтой харилцах. Хэдийгээр үйлчлүүлэгч буруу ярьж, уурлаж бухимдаж байвч инээдэггүй юм аа гэхэд эелдгээр харилцах ёстой. Дээр ярьсан шиг асуудалтай тулгарсан хүмүүс бий байх. Харин үйлчилгээний байгууллагын соёлд хэн анхаардаг вэ. Тухайн байгууллага анхаарч, ажилтнууддаа шаардлага тавих үүрэг хүлээсэн баймаар. Гэтэл байгууллага нь ч анхаарахгүй, ажилтнууддаа ч шаардлага тавихгүй байх юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан томоохон дэлгүүрүүдэд шалгалт хийж, бараа бүтээгдэхүүнийхээ жинхэнэ үнийг биш харин хуурамч үнийг тавьснаас болж асуудал үүсдэг болохыг тогтоосон. Ингэж тогтоохоор барахгүй торгууль ч ногдуулсан. Гэвч шалгалтын дараах энэ байдал өөрчлөгдсөн үү гэвэл үгүй. Уг нь үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүн загнах эрх байхгүй. “Үйлчлүүлэгч бол хаан” байдаг гэх үг уриа төдийхнөөр солигдож, бодит байдалд биеллээ олохгүй байсаар байна. Үйлчилгээний байгууллагын стандарт гэж бий. Энэ стандартад үйлчилгээний ажилтан нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжит байдалд анхаарлаа хандуулан үйлчлүүлсэн иргэн бүрт таатай сэтгэгдэл төрүүлэхийг эрхэмлэн ажиллана гэжээ. Энэ стандартыг үйлчилгээний байгууллагынхан анхаарч, үйлчлүүлэгчээ загнах ёсгүй гэдгийг ажилтнууд нь ойлгох шаардлага хамгаас чухал байна. Юутай ч “УБЦТС” компанийн үйлчилгээ бүр нь өөр өөрийн гэсэн ханштай. Гэхдээ хууль бус уу, үгүй юу гэдэг нь одоохондоо эргэлзээтэй байгаа.

Хууль бус гэгдэх төлбөрт үйлчилгээний үнэ тарифыг 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр тус компанийн захирлуудын зөвлөл баталж гаргасан бөгөөд баталсан төлбөрт үйлчилгээний үнийн тарифыг хүснэгтээр танилцуулъя.

Ж.БАТТУУЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж