МАН-ын генсек хэлсэндээ хүрэх үү?

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

МАН-ын генсек хэлсэндээ хүрэх үү?

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намын гишүүд, дэмжигчдээ хандаж “Намыг хүнд хэцүү үед хаяж зугтсан хүмүүсийг дэмжихгүй” гэх ам тангараг өгсөн нь олны анхаарлыг татаад байна. Үнэхээр энэ үгийг ажил хэрэг болгож чадвал НИТХ-ын дарга асан Т.Билэгтээс эхлээд УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх нарын олон гишүүн Ж.Мөнхбат генсекийн дэмжлэг авч чадахгүй доош унах болж буй юм. Тухайлбал, НИТХ-ын дарга асан Т.Билэгт МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхээс ял сонссоны  дараа АНУ-ыг зорьж, үндсэндээ хотын сонгуулийг эзэнгүйдүүлж, МАН ялагдахад гол үүрэг хүлээсэн гэж шүүмжлүүлж ирсэн. Гэвч МАН-ын гишүүд мартамхай улсууд уу, эсвэл тэр МАН-ын дарга М.Энхболдын фракцийн гишүүн болохоор уу, өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Их хурлаас Бага хурлын гишүүнээр сонгогдож чадсан юм. Тиймээс 2016 онд УИХ-ын сонгуульд тойрогт нэр дэвшдэггүй юм аа гэхэд намын листээр дэвшээд ороод ирж магадгүй аж. Тэр үед Ж.Мөнхбат Т.Билэгтийг зогсоож дийлэх болов уу.

Мөн МАН УИХ-ын сонгуулиас гадна орон нутгийн сонгуульд ялагдаж, тугаа хоёронтаа бөхийлгөчихөөд гундуу явахад УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх нэмэр болоогүй. Тэр тусмаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нь буйдантай суулт хийж суухад сүр бараа болоод дэргэд нь байгаагүйд жирийн гишүүд нь бол их л эмзэглэдэг. Эцэстээ УИХ-ын гишүүн Г.Баярсайханд шанаа өгснөөр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, улстөрөөс зай барьсан. Тэгэхээр Ж.Мөнхбат генсекийн хувьд улстөрд хөл оруулсан У.Хүрэлсүхийгээ бас “Намыг хүнд хэцүү үед хаяж явсан” гэж үзэн, дэмжлэг үзүүлэхгүй байх эрх бий. Ингэж чадвал тэр өөрийг нь басаад байгаа олон хүнд бас ч гэж шийртэй толгой юм гэдгээ харуулах байх шүү. Тэгж чадаагүй цагт У.Хүрэлсүхийн “цэрэг” гэх тодотголоос салахгүй бололтой.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж