Х.Тэмүүжин: Хуулийнхны хэргийг АТГ-т шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин: Хуулийнхны хэргийг АТГ-т шилжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордон дахь Иргэний танхимд хуулийн салбарын төлөөлөлтэй уулзаж, хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажил, хуулийн төслүүдийн талаар илтгэл тавилаа. УИХ-ын хаврын чуулганаар Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Гэрч хохирогчийн эрхийг хамгаалах тухай, Тахарын албаны тухай хуулийг баталсан. Харин Зөрчлийн тухай хууль, Мөрдөх албаны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа юм. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх Гэмт хэргийн тухай хуулийн хүрээнд зарим зүйлийг тодрууллаа. 

-Хуучин Эрүүгийн хууль  чухам аль талаараа учир дутагдалтай  байсан бэ. Одоо Гэмт хэргийн тухай хуульд ямар зохицуулалт орж байна?

-Хуучин эрүүгийн хууль юуг хамгаалах вэ гэдэг талаараа учир дутагдалтай байсан. Харин Гэмт хэргийн тухай хуулиар Үндсэн хуульд заасан иргэний эрхийг нийгэм, эдийн засаг, улс төр гэх зэргээр бүх орчинд  яаж хамгаалах вэ гэдгийг тусгаж өгсөн. Нөгөө талаар манай Эрүүгийн хууль шоронжсон гэж хэлж болохоор. Тэгэхээр үнэхээр нийгмээс тусгаарлах шаардлагатайг нь нарийн тусгаарлаад, шаардлагагүйг нь хорихоос өөр төрлийн ял буюу гэрийн хорио, тодорхой газар, нутаг дэвсгэрээр явахгүй байх хорио зэрэг байхаар оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл ажил төрөл, бизнесээ хийх явцдаа хохирлоо барагдуулах нөхцөлөөр хангана гэсэн үг. Ийм ялыг хүүхдээ зодсон эцэг эхэд өгч болно.  Энэ байдлыг нь давтуулахгүйн тулд хүүхдийн эрхийн талаар хичээл заадаг байх хэрэгтэй.

-Гэмт хэргийн тухай хуулийг баталснаар хорих ял эдэлж буй хүмүүсийн тоо 30 хувиар багасна гэж байгаа. Нөгөө талаас зарим хүмүүст ял завших боломж болох вий гэдэг болгоомжлол байна?

-Багаар бодоход 30 хувь нь суллагдана. Шоронд заавал хорих шаардлагагүй хүмүүст олноор нь ял өгч байгаагаас байсхийгээд шорон дүүрчихээд байна. Гэмт хэргийн тухай хуулиар ямар гэмт хэрэг үйлдсэнийг нь хорих ял шийтгэх, ямар төрлийн хэргийг хорихоос өөр төрлийн  ялаар шийтгэхийг заагаад өгчихөөр хорих ял эдлэх хүмүүсийн тоо багасна. Энэ нь зайлшгүй ял эдлэх  ёстой хүмүүс ял завшина гэсэн  үг биш. Хуулиндаа зааг ялгааг нь сайн гаргаж өгсөн.

-Бусдад авлига өгсөн этгээд энэ үйлдлээ өөрөө илчилбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх талаар тусч байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Авлигын гэмт хэрэг дээр орж байгаа зарчмын томоохон өөрчлөлт нь авлига өгсөн этгээдийг шийтгэхээс татгалзаж байгаа. Яагаад гэхээр авлига өгсөн хүмүүс ихэнхдээ хууль ёсны эрхээ эдэлж чадахгүйгээс танил талаа ашиглах юм уу, гарыг  нь цайлгах байдлаар авлига өгдөг. Тэгэхээр авлига өгсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс татгалзахаар энэ төрлийн хэрэг илчлэгдэх магадлал өсөх юм. Хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нь албан тушаалтан саад хийсэн тохиолдолд авлига өгсөн бол хариуцлага хүлээхгүй. Харин авлига авсан албан тушаалтан нь эрүүгийн хариуцлага хүлээх шинэ тогтолцоо руу  шилжиж байна.

-Онц ноцтой, олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгтэнд дээд тал нь 25 жил оноодог. Харин зарим оронд  үйлдэл болгонд нь  ял оноодог шүү дээ. Ийм байдал руу орох уу?

-Хуучин Эрүүгийн хуулиар гэмт этгээдэд ял оноохдоо хөнгөнийг хүндэд нь багтаадаг байсан. Жишээ нь, хүн амины хэрэг үйлдсэн этгээд өмнө нь ямар ч төрлийн гэмт хэрэг үйлдсэн бай 25 жил дотор нь багтааж ял оноодог  учраас бусад гэмт хэрэгт нь хариуцлага хүлээхгүй, ял завшаад  өнгөрч байна гэсэн  үг. Гэмт хэргийн тухай хуулиар  тухайн этгээдийн үйлдсэн гэмт үйлдэл бүр дээр хариуцлага оногдуулдаг байхаар оруулсан. Тэгэхээр хийсэн хэргээсэээ хамаараад хэдэн ч жилийн ял сонсч болно.

-Шүүгчийн цалинг өндөр болгосон нь нөгөө талаас авлига авах босго нь нэмэгдэнэ гэдэг шүүмжлэл мэр сэр бий. Шүүгч нарын хариуцлагыг хэрхэн чангатгах юм бэ?

-Өмнө нь шүүгчийг  хянадаг тогтолцоо  үнэхээр сул байсан. Одоо бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хуульчдын мэргэжлийн холбоо байгуулагдсан. Хяналтын тогтолцоо нь илүү боловсронгуй нарийн боллоо. Хуульчдын холбооноос батлагдсан мэргэжлийн дүрэмд нарийн тусгасан  байгаа. Бас шүүхийн захиргааг тусад нь гаргасан. Хэрэг шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргааны ажил тусдаа болчихоор шүүгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, цалингаас гадуурх орлогыг хянах тогтолцоо нь шүүхийн ерөнхий зөвлөлд шилжихээр авлига авах асуудал арилна. Ерөнхийлөгчийн онцлоод байгаа шүүгч, прокурор зэрэг хуулийн  байгууллагын тодорхой албан тушаалтны үйлдсэн хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгадаг байсныг АТГ-т шилжүүлж байна. Тэгэхээр АТГ шүүх, цагдаа, прокурор зэрэг хуулийн байгууллагын албан хаагчдын авлигын хэргийг шалгах, хяналт тавьдаг болох юм.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж