Мал, сүүний үнэ, нөөцийг тогтвортой байлгах, хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангахын тулд үйлдвэрт тушаасан мал, сүүнд урамшуулал өгөх сураг дуулдаад тасарлаа. Ноос бэлтгэлийг дэмжихээр үндэсний үйлдвэрт тушаасан кг бүрт 2000 төгрөгийн урамшууллыг түүхий эд бэлтгэгчдэд олгодог байсантай ижил тогтолцоогоор ийнхүү мал, сүүнд урамшуулал өгөх байсан юм. Журманд зааснаар үндэсний үйлдвэрт тушаасан нэг кг маханд 500 төгрөг, сүүнд 300 төгрөгийн урамшуулал олгох саналыг тусгажээ. Энэ урамшууллын журмыг өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Хүнсний хуулийг дагалдах журмаар оруулах байсан юм.
Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Ишээс тодрууллаа.
-Мал, сүүний урамшуулал өгөх асуудал сүүлийн үед дуулдсангүй. Одоогоор ямар шатанд байгаа вэ?
-Бид журмыг мэргэжлийн байгууллагууд, хоршоодтой хамтран боловсруулж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаар дамжуулж Засгийн газраар хэлэлцүүлсэн. Гэвч төсөв, хөрөнгийн асуудлаас болж Засгийн газраас үндсэндээ буцаасан л даа.
-Журмыг хэлэлцээд буцаахаар хэзээ шийдэгдэнэ гэсэн үг вэ. Эсвэл бүр больсон юм уу?
-Одоогоор энэ талаар тодорхой хэлэх боломжгүй байна. Үндсэндээ төсөв батлагдахад малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд өгөх урамшууллын хөрөнгө мөнгө хүндрэлтэй байснаас төсөвт урамшууллыг тусгасангүй. Тиймээс бараг дараагийн төсөв батлах хүртэл хүлээх болж байх шиг байна.
-Бондоос хөрөнгө оруулж болохгүй гэж үү?
-Бондын хувьд, эргэн төлөгдөх учиртай гэдгээрээ малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд урамшуулал болгон өгөх хөрөнгө тохиромжгүй гэсэн. Түүхий эдэд өгсөн урамшуулал эргэн төлөгдөх боломжгүй л дээ.
-Журмыг анх боловсруулж байхад мал, сүүний урамшууллыг хэрхэн тооцох талаар багагүй санал зөрөлдөж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бол?
-Мэргэжлийн холбоод, албаныхан, малчдын дунд санал зөрөлдсөн зүйл байсан. Аргагүй л дээ. Хөдөө аж ахуйн салбарын нэгэн зохицуулалт болох энэ урамшууллыг нарийн тогтооно гэдэг амаргүй. Жишээ нь, зарим хүмүүс зөвхөн үндэсний үйлдвэрт тушаасан мал, сүүнд урамшуулал өгнө гэхээр эрчимжүүлсэн мал аж ахуйг дэмжсэн хэрэг боллоо гэж байна. Ингэхээр олон жилийн арвин туршлагатай бэлчээрийн мал аж ахуйг орхигдуулж, бодит амьдралтай уялдахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Гэсэн хэдий боловч төсөвт урамшуулал өгөх хөрөнгө тусгаагүй учраас хэсэгтээ л хойшлох болж байна.