100 буудалт даамын өсвөрийн (8-10, 11-13 нас) дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 26-наас арваннэгдүгэр сарын 3-ны өдрүүдэд Беларус улсын Орша хотод болж өнгөрлөө. Тэмцээнд ОХУ, Латви, Голланд, Монгол, БНХАУ, Казахстан зэрэг 13 улсын 103 тамирчин өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд манай улсаас дасгажуулагч Н.Мөнхбаатар, Р.Нармандахын удирдлагад арван хүүхэд оролцсоноос охидын 8-10 насанд Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртлээ.
8-10 насны охидын ангилалд 11 орны 22 тамирчин оролцож, есөн тойрог тоглосноос Ганбатын Дүүрэнбилэг 12 оноогоор мөнгөн медаль хүртжээ. Aлтан медалийг ОХУ-ын Ольга Балукова, хүрэл медалийг Казахстаны Алима Кассим нар хүртсэн байна. Дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг Ганболдын Бүрэнболд (Хэнтий аймаг) багшийн удирдлагад хичээллэдэг аж.
Охидын 8-10 насанд Б.Өнөржаргал оролцсон бөгөөд тэрээр 20-р байр эзэлсэн байна. Мөн 8-10 насны хөвгүүдийн ангилалд С.Мөнх-Оргил VI байр, Л.Билэгсайхан XVI, Б.Энхрийлэн XXIII байрт шалгарлаа. 11-13 насны охидын ангилалд Г.Хэрлэнмөрөн VIII, Б.Цолмонтуяа XVI, Т.Ганчимэг XX байр, хөвгүүдийн ангилалд (30 хүүхэд) М.Шийрэвжамц XIII, Б.Гантогтох XXVI байрт тус тус шалгарсан амжилтыг үзүүлжээ.
Өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Ганбатын Дүүрэнбилэг өдгөө Хэнтий аймгийн Баянмөнх сумын 5-р ангид суралцдаг. 10 настай. Г.Дүүрэнбилэг 6 настайгаасаа даамын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2013 онд үзүүлсэн амжилтыг нь дурдвал, Хэнтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний дэд байр, Улсын аварга шалгаруулах тэмцээний дэд байр, Азийн аваргаас мөнгөн медаль тус тус хүртжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд Г.Бүрэнболд багшийн удирдлагад хичээллэж байгаа аж.